Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Цар тахлын үед эдийн засаг  -4.6 хувьд хүрч агшсан байсан бол 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийсэн. Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдлөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Ирэх сарын 25-нд Самурай бондын 30 тэрбум иенийн өрийг төлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Ийм төлөлтүүдийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллартай байна гэдэг нь чамлахааргүй үзүүлэлт. Тоо худал ярьдаггүй. Гэхдээ бид тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгааг онцлов. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандахыг Ерөнхий сайд тэмдэглээд хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрхзүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал,Компанийн тухай хуулийг шинэчилж,  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.

 Хэлэлцүүлэгт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавилаа. Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой  хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг тодотголоо. Мөн Засгийн газрын гол бодлого бол хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” сэдвээр илтгэл тавив. Судалгаагаар Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан гэж гарчээ. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарчээ.  Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцууллаа.

“Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцож байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа
Зэвсэгт хүчний … дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д түшиглэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх талаар судалж, танилцуулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тус системийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан улсын хэмжээнд зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хариуцан ажиллахыг даалгалаа.
 
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,  эрсдэлийг үнэлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг боловсруулан танилцуулахыг даалгалаа.
Мөн хүнсний болон тэжээлийн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Байгалийн эрсдэлд өртсөн тариаланчдын зээл төлөлтийг хойшлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456.0 мянган  тонн үр тариа, үүнээс 434.0 мянган тонн улаанбуудай, 175.0 мянган тонн төмс, 183.0 мянган тонн хүнсний ногоо, 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 50.0 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонн буюу 8.0  хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35.0 мянган тонн буюу 23.0 хувиар, малын тэжээл 82.0 мянган тонн буюу 45 хувиар тус тус өсжээ.
Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авлаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Товч мэдээ
·      Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэн дэмжээд УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
·      Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулж, журмыг баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
·      Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар “Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” чиг үүрэгтэй “Хөдөөгийн сэргэлт” Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг өнөөдөр “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ХӨГЖЛИЙН НҮҮДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ““Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг нь Хөдөөгийн сэргэлт. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлууд хийсэн. Тухайлбал, Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөгөөр орон нутагт аятай тухтай амьдрах боломжийг дээшлүүлэх, дэд бүтэц, хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах замаар бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүдийг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн онцлогт тохирсон эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлийг тодорхойлох чиглэлд аймгийн удирдлагууд ажиллаж байна. Орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох хүрээнд хөдөөд ажиллаж, амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэх боломж олгосон. Зарим аймаг өөрсдийн эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан орон нутгийн нэмэгдлийг 100 хувь олгосон. Энэ бол орон нутагт чадварлаг боловсон хүчин ажиллах үндэс юм” гэлээ.

Ирэх оны төсөвт хөдөөг сэргээх чиглэлд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд жилийн нэг хувийн хүүтэй 500 хүртэл сая төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор болжээ.
Түүнчлэн орон нутагт шилжин суурьших сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний боломж зэрэг мэдээлэл багтсан байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Шэнь Миньжюаньд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.

Талууд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ.

Ирэх 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохионо.

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход анхаарч дэмжин, хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “…хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх…” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Товч мэдээ
·      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
·      Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.

“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорийн төслийг эхлүүлсэн.

Ялангуяа, “Боомтын сэргэлт”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан. Боомт бол Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй гол хүчин зүйлийн нэг байсан. Онцгойлон анхаарснаар бодит үр дүнгүүд гарлаа. БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцож, бүтээн байгуулалтууд ид үргэлжилж байна. Цаашид ч хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахад онцгойлон анхаарна. Ингэснээр экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ. БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу, Лянюунган боомтууд, Иран, Пакистан улсуудын далайн боомтыг ашиглахыг зорьж байна.

2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулж байгаа. Монгол Улсын хувьд авто замын 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн онд амжилттай дуусгасан. Одоо үүний үргэлжлэл болох дараагийн том төслийг эхлүүлнэ. Баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс нутагт аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх гэж байна. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбохоор төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Мөн “Засгийн газраас дэвшүүлсэн “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын бодит үр дүн олон салбарт гарсан. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 115 цэг рүү нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахад чиглэсэн тойрог хурдны зам зэрэг олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ эхнээсээ бэлэн болсон учир гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд нээлттэй танилцуулах, ажил хэрэгч санал, гарц шийдэл, хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн банкны “Логистикийн гүйцэтгэлийн индекс”-ээр Монгол Улс өнгөрсөн онд 33 байраар урагшилж, 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Монгол Улс цахим хөгжлийн индексээр 18 байраар урагшилсан. Энэ бол ил тод, авлигагүй засаглалыг бүрдүүлэхийн төлөөх томоохон реформ хийсний үр дүн. Ирэх жилүүдэд авлигын төсөөллийн индекс буурч, гадаад өрийн дарамт эрс буурна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй олон улсын форум баасан гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс  “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгчид, 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа
Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.
Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.
Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.
Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн,  Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна.
Бусад улсын  жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:
–   иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;
–   төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
–   төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
–   байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
–   төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
– төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

Товч мэдээ
-Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хөрөнгийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн сангийн нэгдсэн данснаас тусгаарлах тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Ирээдүйн өв санд 2,8 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам  болох юм. Сүүлийн гурван жилд Та бид хамтдаа өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн сорилттой нүүр тулгарч, цар тахал, дайны ээдрээтэй цаг үеийг туулж байна. Бидний ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор мэдрүүлж, цаг алдалгүй засаж залруулах ёстойг сануулсан” гээд ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч тэлсэн байна. Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон. Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя гэлээ.

Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид хууль эрхзүйн, бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.

МҮХАҮТ-ын танхимын дарга Д.Энхтүвшин Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчидтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулаа. Судалгаанд 4606 аж ахуйн нэгж хамрагджээ. Тэрбээр бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Интернэтийн хангамж сайжирсан, инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө  худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан. Бизнес эрхлэх орчныг сайжруулахад татварын таатай орчин буюу хүртээмжтэй байдал чухлыг аж ахуйн нэгжүүд онцолсныг дурдлаа. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж буй талаар бизнес эрхлэгчид хэлжээ.
Судлаач Д.Бум-Эрдэнэ “Монголын бизнесийн тренд-2024, Үндэсний ТОП-50 CEO”судалгааны дүнг танилцууллаа. Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарчээ. Гэхдээ аль ч салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэх судалгааны дүн гарсан байна.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлж, төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжилж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлсэн.
Зарим аж ахуйн нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэе.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт:

“Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга. Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна.
“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:
Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:
-Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Ирэх 30 жилийн хөгжил, шийдэл ярья. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж  ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье. МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн цогц шинэчлэл хийхийн тулд төлөвлөгөө гаргаад явъя. МҮХАҮТ гэдэг институцээ олон улсын хэмжээнд хүргэе. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэлээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны зүгээс Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Манай улс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” буюу Зорилт 5.5-д зааснаар иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар 2050 онд хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийн түгээмэл соёл төлөвшсөн байхаар зорьж байгаа билээ. Мөн Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн “1.1.2.6. Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ” хэмээх зорилт хэрхэн биелж байгааг тал бүрээс оролцогчид дүгнэн хэлэлцлээ.

Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан уг симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 110 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж байгаа тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ өөрсдийн мэргэшил, туршлагад тулгуурлан санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж боловсруулсан юм.

Энэхүү симпозиум нь цар тахлын дараах сэргэлтийн мөрөөр 2023 онд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж байгаагаар онцлогтой билээ.

ЮНЕСКО-гийн Ардчилал, дэлхийн иргэншил, өөрчлөлтийн боловсролын салбар (DCMÉT) 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдөр “Энх тайван, Соёл, Нийгмийн шударга ёс” симпозиумыг 50 дэд хуралдаанаар зохион байгууллаа. Симпозиумын 2 дахь өдөр “Хувьсаж буй боловсрол”-ын сэдвийг онцолсон бөгөөд уг сэдвийн хүрээнд “Монгол Улсын  боловсролын салбар дахь өөрчлөлт” дэд хуралдаанд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэн, “Сайн боловсролын төлөө төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Номинчимэг нар оролцлоо. Оролцогчид Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын 4.7 дахь дэд зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хүчин чармайлт, шинээр батлагдсан боловсролын тухай хууль, хүчирхийллийн бус хандлагыг төлөвшүүлэх, энх тайвны боловсрол олгох үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоо, залуучуудад хүний ​​эрхийн боловсролыг олгох, ял шийтгэлийн тогтолцоотой зэрэгцэн нөхөн сэргээх шударга ёс, хүчирхийлэлгүй хандлагыг боломжит хэрэгсэл болгох тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.