Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна.
 
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022  онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв  2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж  96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ.
Сагсан бөмбөгийн 3×3 үндэсний шигшээ баг  тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.

Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.

Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.
Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөнэрх баталгаажжээ.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал асуулга авчээ.  “ADIDAS”, “KELME”, “MIZUNO” брэндийг эхний шатанд шалгаруулснаас хамгийн өндөр оноо авсан “MIZUNO” брэндийн компанийг спортын хувцасны нийлүүлэгчээр албан ёсоор сонгож гэрээ байгуулах, хувцасны бүрдлийг тодорхойлох, өнгө, загварыг сонгож байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар  Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.
Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.

Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллаа
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.
Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
 
Товч мэдээ
·      Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
·      “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэн 140 мянгад хүрч хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.  Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн  “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны Дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав.

Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллагын нэр Албан тушаал Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар  

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

Удирдах АА-3 Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ(1613)

-өгөгдлийн сан, сүлжээний загварчлал ба удирдлага (0612);

-сүлжээний технологи (061903).

Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх.
2.  

Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч

 

Гүйцэтгэх АА-7 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-мэдээллийн технологи (0613);

-мэдээллийн систем (0613);

-системийн аюулгүй байдал (0612);

-сүлжээний технологи (0619);

-програм хангамж (0613);

-компьютерын ухаан (0613).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

 

-Төрийн албанд     6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжиллтэн

 

 

Гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ /0613/

 

Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

—oOo—

Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын төлөөллүүдийн хамтаар малчдын бүлэг, хоршооныхонтой уулзлаа.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Таван шар баялаг” хоршоонд ажиллалаа. 11 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, одоо 413 гишүүнтэй болжээ. Малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан борлуулахад зуучлах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус хоршоо ажиллаж байна. Малчдаас авсан түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулахад нь зуучилдаг учраас хоршоод амжилттай явж  байгааг малчид ярьж байна.
Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй байдаг талаар хэллээ.

Булган аймгийн Сэлэнгэ сум малчны 17 бүлэгтэй. Түүний нэг Харцайн голын малчны бүлэгт 31 өрх харьяалагдаж байна. Тус бүлэг Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөх, хадлан, тэжээлээ бэлтгэх, хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг богино хугацаанд хамтдаа хийж, хоршин ажилладаг онцлогтой.
Харцай бүлгийнхэн малын түүхий эдийг хямд үнээр ченжүүдэд худалдах бус мал нядалгаа, боловсруулах зэрэг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой байна.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоо 2012 онд есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо 310 гишүүнтэй болжээ. Тус хоршоо сүү, цагаан идээг малчдаас авч, зуучлан борлуулдаг байна. Боловсруулалтын цех, жижиг үйлдвэртэй болбол малчдын амьжиргаа сайжирна гэж ярьж байна.
Малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, бүс нутгийн онцлогтоо тулгуурлан малаа төрөлжүүлдэг, хоршоолж ажилладаг байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв. Тиймээс Засгийн газраас хоршоолж буй малчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог хэлбэрийг судалж байгааг тэрбээр хэллээ.

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгасан байна.

Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-аас Монгол Улсад үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8,5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх машины  тээврийн зардлын хамт нийт 166,6 сая рубль буюу 1,85 сая ам.доллар болж байгаа бөгөөд хилээр татваргүй, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Мөн манай хоёр орны ард түмэн баяр хөөр болон хүндрэл бэрхшээлтэй ямар ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм.
Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.

Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.