Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 1 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад:

1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно.

2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

  • төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт;
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгал төлсөн баримт бичиг;
  • Боловсролын зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын албан бичиг, тодорхойлолт;
  • Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
  • Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 5 дугаар сарын 09ий өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг дуустал Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-183

Цахим хаяг: info@cabinet.gov.mn

 

Лавлах утас: 51- 264868

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”-ийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран өнөөдөр \2025.05.05\ зохион байгууллаа.
💠Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзсан нэмэлт, өөрчлөлтийг удаа дараа оруулж байсан ч өнөөдөр хууль эрх зүйн шинэчлэлээс хоцрогдож, эрх зүйн зөрчил, хийдэл үүсэж буй учраас хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсээд буй.
💠Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон талт оролцоог ханган ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна.
💠Нийтийн өмчийн хуулийн төсөлд нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон танилцуулав. Тэр бээр хуулийн төслийг баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субъектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг илтгэлдээ онцлов.
💠Мөн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хуульч, судлаач Г.Давааням, Нийтийн өмчийн хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн талаарх судалгааны тайланг хуульч, судлаач С.Батбаяр нар танилцуулсан бөгөөд хуулийн төсөл нь үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ, шаардлага, зорилтыг зарчмын хувьд хангасан байна гэж дүгнэжээ.
💠Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилттэй холбоотой практикт тулгамдаж байгаа асуудлуудыг дурдаж, орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, өмчтэй холбоотой шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байлгах талаар тодорхой саналуудыг гаргав. Мөн зохион байгуулагчдын зүгээс эдгээр саналыг хуулийн төсөлд тусган боловсруулалтыг сайжруулахад анхаарч ажиллана гэв.
💠Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, төрийн өмчит компанийн захирлууд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид, судлаач, иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.

Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй. Ингэснээр тендер шалгаруулалтын 99 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болох өөрчлөлтийг тусгасан. Түүнчлэн  төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглаж, цахимаар явуулна. Шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу хараат бус, дагнан байгуулсан зөвлөл олонхын зарчмаар шийддэг болгох талаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хуулийн төсөлд хувийн хэвшлийн олон саналыг тусгасныг сайшаагаад төрийн худалдан авах ажиллагаанд цахимжуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг сегментийг  дэмжих зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа гэв. “Шунхлай Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан мега төслүүдийн өртгийн доод хэмжээг хуулийн төсөлд 36 сая ам.доллар гэж тусгасныг эргэн харах санал хэллээ.

Мөн тус зөвлөлийн хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд орох өөрчлөлттэй танилцлаа. Нийт зээлийн тал хувь нь чанаргүй болж, өрийн дефолт болох эрсдэлтэй байсан банк өнөөдрийн байдлаар 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ. 2023 оны 10, 12  дугаар саруудад 500.0 сая ам.долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэсэн юм. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын баримжаатай банк болгож дүрмийн санг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих салбаруудыг онцолж, зорилтот зах зээлээ тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбар болно. Ингэхдээ улсын төсвөөс 100 хувь эргэн төлөгдөх санхүүжилт хийхгүй бөгөөд төсөл санаачлагч 15 хувиа өөрөө хариуцдаг болно. Өмнөх алдаа дутагдлаа давтахгүйн тулд бүх зээл олголт, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох хуулийн төсөл боловсруулсан байна.

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлтэй холбоотой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд санал хэлэв. “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай байна. “M-Си-Эс Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийн санал маш чухал гэдгийг дурдаад,  экспорт импортын баримжаатай ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн, удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв. Мөн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр яригдаж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа нь зөв жишиг болж байгааг онцлов. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөлөө.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.02) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзав.
Сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны цахим засаглал, харилцаа холбоо, сансрын технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ноён Элчин сайдтай ойр дотно хамтран ажиллаж, үр дүнтэй олон ажлуудыг эхлүүлж, хэрэгжүүлснийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Түүнчлэн манай улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш улс болох Казахстан улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайдын зүгээс Сайд Н.Учралд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цахим хөгжил, сансрын технологи зэрэг шинэ агуулгаар баяжуулж, үр дүнтэй айлчлал, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласанд талархал илэрхийлээд цаашид Монгол, Казахстаны харилцаа худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр логистик зэрэг олон салбарт өргөжин хөгжих боломж, гарцууд байгааг онцлов.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тус хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг өөрийн салбарын бодлоготой уялдуулан баталж, улсын нэгдсэн бүртгэлд энэ оны тавдугаар сард багтаан бүртгүүлэхийг холбогдох сайд нарт, албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнд даалгалаа.

Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж төрийн үүрэх ачааллыг хуваалцаж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулсан.

Татварын хөнгөлөлтийн хүрээнд яамд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа төсвөөс хамааралгүйгээр шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангуулахад бодлогоо чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах боломж олгогдсон. Иймд Засгийн газрын гишүүд татварын хөнгөлөлтөд хамааруулах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны босго үзүүлэлтүүд, стандартыг салбарын бодлоготойгоо уялдуулж, бодитой үр дүн гаргахад чиглүүлэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлахыг анхаарах, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага үүссэн байна.

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэн “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус баталлаа. Эдгээр тогтоолын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.

-Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.

-Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.

-“Хойд бүсийн тээвэр логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.

-Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.

-Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.

-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

-Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.

-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

-Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

-Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгоно.

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ.

Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдэд адил болгосон байна.

Журмын өөрчлөлт нь дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжих болон өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.

Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан хариуцахаар зохицуулсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс шинэчлэн боловсруулсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоход тавигдах шаардлага, хяналтын тоо тогтоож байсан хуучин зохицуулалтыг шинэчлэн “Дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцуулах”-аар тусгажээ. Дотоодын их, дээд сургуульд 2024–2025 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 суралцагч суралцаж байна.

Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм. Энэ хүрээнд тэрбээр өнөөдөр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганаранд 60м2 талбай бүхий байшин болон монгол гэрийн дулаалгатай танилцлаа. 2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр хувилбарын 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэм хүртэл халуун агаараар үлээх насос суурилуулжээ.

Харин иргэн  Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт эрдэс хөвөн, хуванцар сайдинг  ашигласнаар дулаан алдагдлыг гурав дахин бууруулжээ. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ. Харин халаалтыг хийн зуухаар шийджээ. Хоёр минутад зуух халах тул шаардлагатай үед халаалтаа салгаад хэмнэх боломжтой. Хийн зуухны зааварчилгааг дагаад ажиллуулахад хялбар байгаагаас гадна аюулгүйн мэдрэгч маш сайн ажиллаж байгаа тул санаа зовох зүйлгүй байна гэж гэр бүлийн хүмүүс ярилаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Эх дэлхийнхээ насыг уртасгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна.

Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна.

Үерийн асуудал ч дулааны улиралд нэмэгдэж, хот, барилгын стандартыг шинэчлэх шаардлага дагуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий даяар сорилт бэрхшээл болж буй томоохон гурван асуудлыг Нэгдүгээрт, цаг уурын эрс тэс байдал ба байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, далайн шуурга, хар салхи, хүчтэй аадар бороо, хэт халалт, ган гачгийн хор хөнөөл олон бүс нутагт хүмүүсийн амьдрах орчин, амьжиргаанд нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж байна.

Мөнх цас, мөсөн голын хайлалтаас шалтгаалж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь эрсдэлд ороод байгааг олон улсын байгууллагууд сануулж байна.

Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим бүс нутагт хүн амыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байна.

Далайн усны түвшин нэмэгдэн, арлууд, далайн эргийн хотууд усанд автах аюулд орж, ган гачгаас шалтгаалан хөрсний үржил шим буурснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл доголдож, хүнсний хомсдол үүсэж байгаа тул хүмүүс аюулгүй, тайван газар амьдрахын төлөө дүрвэж байна.

Гуравдугаарт, биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж, экосистемийн тэнцвэр алдагдаж байна. Ойн түймэр, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг ан амьтад устах аюулд орж, ургамал, амьтны амьдрах орчин өөрчлөгдөж, олон зүйлийн тархац хязгаарлагдмал болж байна.

Эдгээр асуудал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрд хүчтэй нөлөөлж, тогтвортой хөгжлийг сааруулж, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна.

Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер ус, ган, зудын давтамж нэмэгдэж, цаг агаарын талаар уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн малчдын амьдралд томоохон сорилт бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж байна.

Хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ, малын тоо толгойн өсөлттэй холбоотой байна.

Нийт хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар, үлдсэн хувийг аж үйлдвэрийн болон барилга, тээвэр, хог хаягдлын салбар ялгаруулж байна.

Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч, усан хангамжийг сайжруулах чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, тэр дотроо хамгийн их цөлжилттэй говийн бүс дэх эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.

Тиймээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ.

Өчигдөрхөн Улсын Их Хурлын чуулганаар соёрхон баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийг нээж өгч байна.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөтөлбөрүүд ч уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг 2019 онд баталж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.8 сая тонн нүүрстөрөгчтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилт тавьсан.

Энэ зорилтын хүрээнд Засгийн газар 200 орчим га талбайд улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодит алхам болж, доройтсон газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тодорхой үр дүнд хүрч, 2024 оны байдлаар 84 сая мод тарьж, бэлтгэл үе шатны гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна.

Монгол Улсын баруун бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хайлалт явагдаж буй нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газраас “Нэг сум-Нэг нуур” буюу“333 нуур” хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлж байна.

Мөн ойн сан, хүлэрт намаг бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамруулсан 35.1 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан цаг уурын радарын станцын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн манай улс “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026″санаачилгыг НҮБ-ын түвшинд батлуулж, талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагааг уялдуулж, “Ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилгыг эхлүүлээд байна.

2024 онд Саудын Арабын хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” арга хэмжээг зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулж ажилласан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн явдал юм.

Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулснаар:

Монгол Улс дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх,
Олон улсын анхаарлыг Монголын цөлжилт, усны асуудал руу татаж унаган байгалиа онгон дагшнаар нь хадгалж үлдэх,
Шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Талуудын 17 дугаар бага хурал буюу COP 17-г зохион байгуулах нь асуудлыг цогцоор нь харах боломж бөгөөд манай улс тус бага хурлыг даргалах эрхийг хүлээн авч НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын бодлогын чиглэлийг тодорхойлоход голлох үүрэгтэй ажиллана гэсэн үг юм.

Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд Монгол Улсад зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хурал дээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор нэгдэн ярилцахыг ч уриалж байгаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган ирж, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхмууд хийх цаг болсон. Энэ агуулгаар улс төр, хууль тогтоох байгууллагын анхааралд уг асуудлыг оруулах зорилгоор Засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна” гэлээ.

Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр баталсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж буй. “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь тус зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бөгөөд улс орны эдийн засгийг бэхжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь ухаалаг, дэвшилтэд технологи бүхий экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготойг онцолж, аяныг төр, хувийн хэвшил, тариалан эрхлэгчдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

“Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Энэ дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьснаас гадна хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна.

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, экспортыг нэмэгдүүлэх, тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байна.

Монгол Улс 1959 онд Атрын I аяныг зарлаж атар газар эзэмшин, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бол 1976 онд эхэлсэн “Атрын II” аяны үр дүнд тариалангийн талбайг тэлж, гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан ургацаа экспортолж эхэлжээ. Харин 2008-2010 онд Атрын III аяныг хэрэгжүүлж 270 мянган га байсан тариалангийн эргэлтийн талбайг 760 мянган га-д хүргэж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон түүхтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь хөдөө аж ахуйн техник, технологийн үзэсгэлэнтэй танилцлаа.

Үзэсгэлэнд газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй хөрс боловсруулах, тариалах, ургамал хамгаалах, ургац хураах зориулалттай техник тоног төхөөрөмжүүд, ургамал хамгааллын бодис, бордоог олон нийтэд танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллага Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Хот хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Засгийн газрын яамдаас орон нутагт шилжсэн анхны яам юм. Ерөнхий сайд тус аймагт шилжин ирж ажиллаж буй ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа найман байгууллагын 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ. Тэдэнд ипотекийн зээлийн урьдчилгаа олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудалд нь анхаарч байна. Ерөнхий сайд төрийн бодлогыг түүчээлэн дэмжиж буй албан хаагчдадаа талархал илэрхийлж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад оролцсон алба хаагчид Дархан-Уул аймагт амьдрах орчин таатай, орон нутгийн нэмэгдэл авахаас гадна төрөөс орон нутагт ажиллаж буй залуу гэр бүлд орон сууцны урьдчилгаа олгож буй нь том дэмжлэг болж байгааг ярилаа. Харин давхар зээлийн асуудал зарим алба хаагчдад хүндрэл учруулж байгаа бол цахимжилтыг төрийн байгууллагуудад эрчимтэй нэвтрүүлснээр цаг хугацаа, зардал хэмнэх боломжтойг ярилаа.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буй.
Монгол Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Өнөөдрийн (2025.03.27) хурлаар Жамсрангийн Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах талаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд 1990 оноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.

Мөн манай улсын чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш орон болох БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн 35 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дүгнэж, цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Тухайлбал, “Солонго-I, II” орон сууцны хороолол, “10 аймгийн төвийн дулааны станц” зэрэг төслийг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцлон дурдав. Хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.

Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн бэхжиж, хоёр тал хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг салбарт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023, 2024 онд БНСУ-д хийсэн айчлалын үеэр хэлэлцэн тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, газрын ховор металлын салбарын хамтарсан хорооны уулзалт Сөүл хотноо болсон, судалгааны ажил эрчимжиж буйг хэлэв. Түүнчлэн хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Элчин сайд үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.