Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл нь Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны тогтоолын дагуу Хүний эрхийг хангах үндэсний хорооны чиг үүргийг давхар хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “2024 оны орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний тайлан”-г боловсруулж, өнөөдөр /2025.05.25/ Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст танилцууллаа.
Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний зорилго нь 5 бүлгийн шалгуур, 10 шалгуур үзүүлэлттэй бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн хүний эрхийн төлөв байдлын бүхий л үйл ажиллагаа болох төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөө нь хүний эрхэд суурилсан эсэхийг үнэлж, сайжруулах замаар хүний эрхийг хангахад чиглэдэг.
Тус үнэлгээ нь 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-раас болон тухайн орон нутаг дах иргэний нийгмийн байгууллагаас зэрэгцээ (хяналтын) тайлан хүлээн авч харьцуулан гаргадаг онцлогтой. Төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус тайланг үнэлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан орон нутгийн байгууллагад хүргүүлдэг.
Уулзалтын үеэр Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ажлын алба 2024 оны аймаг, дүүрэг дэх хүний эрхийн төлөв байдлын тайлангийн үнэлгээний үр дүнг өмнөх жилүүдийн тайлантай харьцуулан, өсөлт бууралт, түүний шалтгааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа болон Тамгын газрын албан хаагчид, орон нутаг дахь ХЭҮК-ын ажилтнууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүс, орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн, С.Сэлэнгэ, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх энэхүү механизм нь Монгол Улсад 3 дах жилдээ амжилттай хэрэгжиж байгаа сайн туршлага гэдгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд онцлов. Цаашдаа хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт болон аргачлал боловсронгуй болгох, хүний эрхийн индекс, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт боловсруулахад хамтран ажиллаж, тогтмол санал солилцохоор тогтлоо.