Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр хэлэлцүүлэхээр заасны дагуу 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11:30 минутад Төрийн ордны “Их засаг” танхимд “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын 2027 оны төсвийн төсөл”-ийг олон нийтэд танилцуулах танхимын хэлэлцүүлэг зохион байгуулагдах тул иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.

Дээрх QR кодыг уншуулан төсвийн төсөлтэй танилцаж санал өгнө үү.

Холбоо барих утас: 51-260179

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай  хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.

Энэхүү төслийн 2 дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар -4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг дээшлүүлж экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Тухайлбал, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчимжсэн ба цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэгчид, эмийн ургамлын тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.

Энэхүү төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Төслийн зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан 4 банкинд хандах боломжтой.

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.

Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр онцгойлон ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлүүдээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.

Үүнд:

• Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх,
• Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
• Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,
• Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
• Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч ажиллалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана.

Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж, есдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга нарт даалгалаа.

“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол 2026 оны тавдугаар сард батлагдаж, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. Мөн хүүхэд бүрд ногдох төсөв санхүүжилтийг шийдэх, үнэлгээг хуурамч дүнгүй, бодитой болгох, хүүхэд бүрд цахимаар сурах боломжийг бүрдүүлэх нь энэхүү бодлогын цөм бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон, хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.

·      Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаар төлөвлөжээ.

·      Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж 2378 суралцагч /УБ хотод/, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүсчлэлд байгаа нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийнэ.
Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-2027 оны хичээлийн жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт, сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагчийг хамруулна.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах ажлыг 2026 оны аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамтран хоёр үе шаттай зохион байгуулна.

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.

“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажиллахыг үүрэг болгосон. Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Хөдөө аж ахуй, эрчим хүч болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. Аймаг, орон нутгаас таван аймгийн сэргээгдэхэрчим хүчний төслийг эрчимжүүлэх, зарим аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компанидболон нүүрсний уурхайд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх, автозам засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

         Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан “Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Н.Номтойбаярт, зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (хүүхэд 105)  амиа алджээ. Эдгээр тохиолдол нь гол усанд сэлж байгаад, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарчээ. Хийлдэг гудас завьнаас унасан, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас эндсэн нь зургаан хувь байна.

2026 он гарсаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдсан  бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид 139 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсжээ.

Онцгой байдлын байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлж, Онцгой байдал, цагдаа, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагчид усны ослын эрсдэл бүхий томоохон гол, мөрөн нуурын дагуу 47 чиглэлд, 37 автомашин, 22 завь, 12 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын салбар, чиглэлийг тодорхойлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа нотлов. Энэ хүрээнд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг сайшааж, тус механизм нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хөшүүрэг болохыг тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичиг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг онцлов. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын чиглэлээр талууд туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нарын тохирсон ажил арга хэмжээ, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцлов. Мөн Монгол Улс “COP17” олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байна хэмээв.

Тажикистан Улс нь 1956 онд анхны усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж байсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр арвин туршлагатай гэдгээ тодотгов. Дээрх чиглэлд хоёр тал хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийллээ.

Мөн Ерөнхий сайд “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн тухай дурдав.

Талууд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” амжилттай болсныг сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал /2026.07.20/ хийв.

Тус хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар оролцож, орон нутгийн удирдлагуудад санал хүргүүлж, асуултад нь хариулав.

Хуралдаанаар Ерөнхий сайд аймаг, нийслэлийн удирдлагад дараах асуудалд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг холбогдох сайд нартай хамтран  нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Тогтоолд:

·      Аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг, аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны хэмжээг тогтоох,

·      Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг бүрдүүлж, тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т, мал, амьтны халдварт, болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

·      Улсын тусгай хэрэгцээний газарт малчдыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т,

·      Ургацын урьдчилсан балансыг 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·      Ургац хураалтын ажилд мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт,

·      Хүнсний улаанбуудайн стратегийн болон 2027 онд тариалах үрийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·      Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл бүхий хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т, бараа, бүтээгдэхүүний хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл), Ургамал хамгааллын газар (Э.Уламбаатар)-т тус тус  үүрэг болгосон юм.

·      10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн ажлыг эрчимжүүлэх, дулааны эх үүсвэрийн хомсдолд орсон зарим аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дулааны цахилгаан станц барих ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

 Мөн аймаг, сумын  өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргаж, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдал болон түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн стратегийн нөөцийг бүрдүүлж, алслагдсан сумдад хүргэх тээвэр ложистикийн бэлтгэлийг хангах, аймгийн төв болон сум, суурин газрын дулааны станц, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг есдүгээр сарын 01-нд бүрэн дуусгаж, хэрэгцээт түлш, нүүрсийг нөөцлөх арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 2026-2027 оны галлагааны улиралд сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хангахад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв.

Ерөнхий сайд нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ гэдгийг онцлов. Мөн аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, маргааш Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлэв. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барих тул аймаг орон нутгийнхан олон жил хүлээгдсэн ажлуудаа дуусгахад анхаарч саналаа өгөх хэрэгтэйг хөндөв.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд  Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж,  биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана.  Мөн холбогдох сайд нар аймгуудад очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болов.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.

Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад  хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна.

Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ.

Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав.

УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжих эрх зүйн орчин бий болсон. Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сараас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд e-business системээр ирсэн нийт 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна.

Бүртгүүлсэн хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр”, 22.6-д “хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар” тус тус заажээ.

Казакстан, Узбекстан, Арабын Нэгдсэн Эмират Улс мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гаалийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас тус тус хөнгөлдөг. Үүний дүнд Казакстан улсын мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.доллар, үүнээс 633 сая ам.долларын экспортыг Астана хаб дангаар хийсэн бөгөөд 2026 онд уг орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар бус, харин эдийн засаг, инновац, эрдэм шинжилгээ, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, өнөөгийн хэрэгцээ шаардлагаас харахад эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ял эдлүүлэх тогтолцооноос үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд салгаж шинэчлэх шаардлага тулгарч байна.

“Өнөөдрийн байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 4 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэр биелээгүй хэвээр байна. Үүнээс гадна 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр гацсан байна” гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өглөө.

Шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ.

Сангийн сайд З.Мэндсайхан: Таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

“Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ.  Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ.

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.