Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ
НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна.
Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.
УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.
Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно
Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд суурилуулсан хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах, шинээр суурилуулахаар төлөвлөсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.
Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69670 камер, орон нутагт 5788 аж ахуйн нэгж байгууллагын 52480 камер, улсын хэмжээнд нийт 14084 аж ахуйн нэгж, байгууллагын 122150 хяналтын камерыг гадна орчныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан ба нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна.
 
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар танилцууллаа
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Багшлах хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.
1.    Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
2.    Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
3.    Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах
4.    Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
5.    Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
6.    Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах
Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.
2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.
Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.

Товч мэдээ
·      Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
·      Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
·      Ташкент хотноо 2024 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Францын “Орано майнинг” компанитай хэлэлцээ хийх, төслийг тохирох ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2024.09.17) төрийн ордонд болж татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олборлолт, үйлдвэрлэл, технологи, байгаль орчин, орон нутгийн асуудлын талаарх ажлын дэд хэсгүүдийн дүгнэлттэй танилцлаа.

Хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэрээ хэлэлцээрийг хийхдээ өмнөх хөрөнгө оруулалтын төсөл, гэрээнүүдэд гаргасан алдааг давтахгүй байх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь тэдэнд ногдож байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дээдэлж ажиллах ёстой. Мөн тус гэрээ нь хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх, эдийн засгийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд байх зарчмыг баримтална гэдгийг онцоллоо.

Дэд ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудад нийцүүлж, яамдын дүгнэлт, олон улсын зөвлөх үйлчилгээний саналыг нэгтгэсний дараа хэлэлцээрийг эхлүүлэх юм.

 

 

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2024 онд багтаан үр дүн гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа.
Энэхүү албан даалгавраар Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 арга хэмжээг тусгаж, төсөл, арга хэмжээний ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнг иргэд, олон нийтэд таниулах, Засгийн газрын нэгдсэн тайлангийн арга хэмжээг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон нийгэм, эдийн засаг, засаглал, бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаараа уг хөтөлбөр онцлог  юм.
 
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.
Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна.
Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна.
Засгийн газрын тогтоолыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа.
 
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ
“Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болголоо.
Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44,1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662,3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574,2 сая төгрөг, дундаж зардал 41,0 сая төгрөг болсон байна.
Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг байна.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрдцаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно.
Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.
 
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно
“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

Товч мэдээ
·      Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
·      Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгалаа.
·      Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар тус тус баталлаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов.
Сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдох зарим чухал асуудлаар сайтар зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрнэ гэж итгэж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр талууд “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын дараа гэрээний заалтуудыг тохиролцож эхэлсэн юм. Гэрээний төслийн Монголын талын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.09) Талес Алейна группийн бүсийн захирал Терре Вүлерсийг хүлээн авч уулзаж, үндэсний хиймэл дагуулын төслийг эрчимжүүлэх асуудлаар ярилцлаа.
БНФУ-ын Засгийн газраас Монгол улс үндэсний хиймэл дагуултай болох төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, төслийг урагшлуулахад анхаарлаа хандуулж байна.
Манай улс үндэсний хиймэл дагуултай болсноор өргөн уудам газар нутагт тархан суурьшиж буй иргэд найдвартай холбоотой болж, интернэт, мэдээллийн технологийн үйлчилгээг шууд авах өргөн боломж нээгдэнэ. Түүнчлэн ХАА, байгаль орчин, иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой. Бид Талес Алейна групптэй түншилж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна гэдгийг Н.Учрал сайд онцлов.
Талес Алейна группийн бүсийн захирал Терре Вүлерс Монгол улс өөрийн хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгах ажилд хувь нэмэр оруулж, цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

 

 

 

 

🔘Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.02) Удирдлагын академийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтэд оролцож, “Төрийн албаны шинэчлэл: Шинэ 30 жил” сэдвээр илтгэл тавилаа.
🔘Төрийн албаны тухай хуульд 2017 онд хийсэн өөрчлөлтөөр удирдах албан тушаалд шатлан дэвших, ажилласан жилийн босго хугацааг хэт өндөр тогтоосон нь нэг талаас төрийн албыг улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаас тогтолцоог хаалттай болгож, төрийн албанд өндөр ур чадвартай хүн орж ажиллах боломжийг зарим талаар хязгаарлах болсон. Жишээ нь, хувийн хэвшил, бизнес, олон улсын байгууллага, гаднын улс оронд олон жил үр дүнтэй ажиллаж, туршлага хуримтлуулсан залуус төрийн албанд ажиллахад зөвхөн мэргэжилтнээр ажиллах боломжтой байна.
🔘Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт тавьсан. Тухайлбал, чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог зохистой хэмжээнд хүргэхээр тусгасныг Н.Учрал сайд онцлов.
🔘Мөн энэ онд 100 жилийн ой нь тохиож буй Удирдлагын академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай байгааг илэрхийлэв.
🔘Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг тус академид олон улсад магадлан итгэмжлэгдсэн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж буйгаа танилцууллаа.

 

 

 

Баярсайханы Солонгоо өнөөдөр (2024.09.02) ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан.

Тэрбээр олон улсын бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд Монгол, АНУ-ын Нью-Йорк муж болон Англи улсад хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй хуульч юм. Мөн олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.

Б.Солонгоо нь Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургууль, Их Британийн Дандигийн их сургууль, АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан /2024-08-31/ болов.  Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе учраас Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Цаашид төсвийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт” сэдвийн дор  2025 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт шуурхай хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ.
Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм. Төрийн байгууллагуудын шинэ хөрөнгө оруулалт, нийгмийн шинж чанартай обьектуудыг бүхэлд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах татвар, эрхзүйн орчныг дэмжих байдлаар шийдвэрлэлээ. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг задлах замаар Хөшигийн хөндийд төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн төвтэй холбох гүүрэн байгууламж, туннел, Туулын хурдны зам зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орон сууцжуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг тусгасан.
Эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлсөн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулагдав. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/-ын дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Сайд Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин зүтгэлд талархал илэрхийлэв.
Мөн Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүний хувиар залуусын дуу хоолойг сонсох, тэдний өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын жигүүрийн VII хуралдааныг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, “Улаанбаатар тунхаг бичиг”-ийг баталсан. Тунхаг бичгийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.