Зөвлөх үйлчилгээ: Шилжилт хөдөлгөөний бодлогын зөвлөх

Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Үргэлжлэх хугацаа: 6 сар Эхлэх хугацаа:

2021 оны 10 дугаар сар

Танилцуулга

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, биелэлтэд хяналтшинжилгээ хийх механизмыг шинэчлээд байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050”, 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Харин дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах долоон чиглэлээр хөгжлийн зорилтот хөтөлбөр байхаар хуульчлагдсан. Үүнд: Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр; Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Байгаль орчны зорилтот хөтөлбөр; Засаглалын зорилтот хөтөлбөр; Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар эдгээр хөтөлбөрийн төслийг 2022 оны 6 дугаар сард багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Дээрх хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулахад хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах талаар салбар дамнасан асуудлыг судалж, эдгээр хөтөлбөрүүдэд тусгах нь чухал ач холбогдолтой билээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь дунд хугацааны буюу хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Алсын хараа 2050-урт хугацааны бодлогын хүрээнд батлагдан гарах бусад бодлогын баримт бичгүүдэд шилжилт хөдөлгөөний асуудлуудлыг зохистойгоор тусгах, холбогдох арга зүйн зөвлөмжөөр хангах, шаардлагатай судалгаа шинжилгээг гүйцэтгэх юм.

Үүрэг хариуцлага:

1. Үндэсний, бүс орон нутгийн болон салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бодлого, хууль эрх зүй, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй танилцах, холбогдох журам, зааварт үндэслэн хүн амны шилжилт хөдөлгөөний асуудлын хүрээнд бодлогын зорилго, зорилт, үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох;

2. Хууль эрх зүй, бодлогын орчин, тоон мэдээлэл зэрэгт дүн шинжилгээ хийж, тэдгээрийн зөрүүтэй байдлыг тодорхойлох;

3. Үндэсний, салбарын болон аймаг, орон нутгийн түвшинд шилжилт хөдөлгөөний одоогийн байдлыг судалж, танилцуулах;

4. Шилжилт хөдөлгөөний ирээдүйн загвар, төсөөллийг тодорхойлох, хувилбар боловсруулах;

5. Шилжилт хөдөлгөөний олон улсын шаардлага, туршлагыг судалж, танилцуулах;

6. Монгол Улсын дунд хугацаанд (10 жил) хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон үндэсний, салбарын, салбар дундын түвшинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

7. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон бусад холбогдох талуудтай хамтран шилжилт хөдөлгөөнийг үндэсний, салбарын, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах талаарх Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

8. Холбогдох бүхий л судалгаа, шинжилгээ, баримт нотолгоонд үндэслэн шилжилт хөдөлгөөний талаарх бодлогын үзэл баримтлалыг боловсруулах;

9. Баримт бичгийн боловсруулалтад салбар дундын бусад асуудлууд (хүний эрх, жендэрийн тэгш байдал, бүсийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, засаглал, дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөний удирдлага, зохицуулалт гэх мэт)-г уялдуулан тусгах;

10. Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн боловсруулалтын явцад холбогдох байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, загвар, хяналтын хуудас боловсруулах;

11. Алсын хараа 2050, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Аюулгүй, цэгцтэй, зөрчилгүй шилжилт хөдөлгөөний дэлхийн компакт гэрээ (Global Compact for Migration) хоорондын уялдааг хангах;

12. Шаардлагатай хурал, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах;

13. ЗГХЭГ-н Бодлого төлөвлөлтийн газар болон ОУШХБ-с даалгасан бусад үүрэг даалгаварыг шуурхай, тасралтгүй гүйцэтгэх.

Шаардлагатай туршлага, ур чадвар:

-Математик, статистик, загварчлал, эдийн засаг, хүн ам зүй, төрийн бодлого, төрийн захиргаа, улс төр судлал болон бусад холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх;

-Хөгжлийн бодлого төлөвлөлт, зохицуулалт, бодлогын судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээ, систем сэтгэлгээ болон бусад чиглэлээр нийт 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай. Үүнээс шилжилт хөдөлгөөний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

-Математик, загварчлал хийж байсан туршлагатай;

-Тогтвортой хөгжлийн зорилтууд болон үндэсний хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудын талаар мэдлэгтэй байх;

-Холбогдох хууль, дүрэм журам судалж, дүн шинжилгээ хийх чадвартай;

-Mонгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх. Англи хэлтэй бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Сонгогдсон зөвлөх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого, төлөвлөлтийн газар болон Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын удирдлага, чиглэлийн хүрээнд ажлын хэсгийн бусад зөвлөхүүдтэй хамтран бүтэн цагаар ажиллана.

– Ажлын намтар (CV), уг ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн нэг хуудаст багтаасан захидал (cover letter)-г Англи болон Монгол хэл дээр бэлтгэн iomubadminhr@iom.int гэсэн хаягаар 2021 оны 10 сарын 6-ны дотор цахимаар ирүүлнэ үү.

-Имэйлийнхээ гарчиг хэсэгт “Application for Migration expert” гэж бичнэ үү. Хугацаа хэтэрсэн өргөдлийн материалыг хүчингүйд тооцно. Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчидтай холбоо барина.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь 2021 оны 9-р сарын 1-ний өдрөөс шинэ элсэлтээ зарласан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://jds-scholarship.org/country/mongolia/index.html   вэб сайтаас авна уу.

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоо” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Энтерпрайз архитектурын сургагч багш бэлтгэх” цахим сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Зорилго

Сургагч багш бэлтгэх сургалтын зорилго нь энтерпрайз архитектурын талаар цогц ойлголт өгөх, “Монгол Улсын Төрийн Энтерпрайз Архитектур”-ын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдлэг олгох, ТЭА-ыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгуулах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Зорилт 

  • Энтерпрайз архитектурын онолын талаар цогц ойлголт өгөх
  • Монгол Улсын төрийн энтерпрайз архитектурын тогтолцооны талаар мэдлэг олгох
  • Төрийн энтерпрайз архитектурын платформ дээр ажиллах дадлага туршлага олгох
  • Төрийн энтерпрайз архитектор бэлтгэх хөтөлбөр боловсруулах мэдлэгтэй болгох. 

Сургалт нь дараах 5 сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  1. Энтерпрайз архитектур, цар хүрээ, олон улсын чиг хандлага;
  2. Монгол Улсын төрийн энтерпрайз архитектур, түүний бүтэц зохион байгуулалт, мета загвар;
  3. Бизнес, аппликейшн, дэд бүтэц, өгөгдөл, аюулгүй байдал, стандартын архитектур;
  4. Монгол Улсын төрийн энтерпрайз архитектурын платформын бүтэц, зохион байгуулалт, түүний ашиглалт (цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ хийх, хувилбар, зорилтот архитектур болон цаашид хэрэгжүүлэх замын зургийг гаргах г.м.);
  5. Сургагч багш бэлтгэх хөтөлбөр, сургалтын агуулга, сургалтын материалтай танилцах.

Сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газар, Удирдлагын академийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

 

 

“Монгол Улсын Засгийн газрын 100 хоног”  ажлын тайлантай энд дарж танилцана уу.

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:  Төрийн албаны онлайн сургалтын платформ хөгжүүлэх.

Зөвлөх үйлчилгээний дугаар:  CQS-2.5.6

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Төрийн албаны онлайн сургалтын платформыг хөгжүүлж хүлээлгэн өгнө.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй байгууллага уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд цахим сургалтын систем хөгжүүлж нэвтрүүлсэн 1 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)
  • Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд вэб дээр суурилсан систем болон мобайл аппликэшн хөгжүүлж нэвтрүүлсэн 2 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)

Ажлын даалгаврын англи хувилбарыг энд, монгол хувилбарыг энд дарж үзнэ үү.

“Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан хосолмол үнэлгээний аргыг ашиглана.

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ доор дурдсан хаягаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээг 3 сарын хугацаанд Улаанбаатар хотод  хийж гүйцэтгэнэ.

 

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачлагаар Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөлтэй хамтран боловсруулсан “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтыг танилцуулж байна.

Энэхүү цахим сургалтад хамрагдснаар Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор батлагдсан журам болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан загвар, аргачлалтай танилцах боломжтой.

Та “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалтын бүх сэдвүүдийг судалж, шалгалтыг амжилттай өгснөөр цахим гэрчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

Цахим сургалтын хаяг: http://surgalt.unelgee.gov.mn

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл 5483-MN
Төслийн нэр: Инновацийг дэмжих хөтөлбөр
Төслийн дугаар: CQS-2.3.2
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй инновацийн төслийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувь хүн, баг, хуулийн этгээдийг урьж байна.
Инновацийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, мэдээллийн технологи ашиглан шинэ, шинэлэг арга замаар шийдвэрлэх шийдэл бүхий эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангасан төслийг сонгон шалгаруулж, хурдасгуур хөтөлбөрт хамруулан грант олгоход оршино.
Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан бусад бодлогын баримт бичгийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн, шинэлэг шийдэл, санал болгосон байх;
  • Тодорхой асуудлыг дэвшилтэт технологи, инноваци ашиглан, хэрэглэхэд хялбар, хэрэглэгчид ээлтэй программ хангамж хөгжүүлэх замаар шийдвэрлэх, шийдэл нь өмнө нь нэвтрээгүй байх;
  • Монгол Улсын хууль, тогтоомж болон Монгол Улсын элсэн орсон олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөхгүй байх;
  • Төсөл нь төрийн үйлчилгээтэй холбоотой бол программ хангамжийг www.e-mongolia.mn портал систем болон мобайл аппликейшнтэй холбох боломжтой байх.
  • Төсөл мэдүүлэгч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
  • Монгол Улсын иргэн байх;
  • Хувь хүн бол баг бүрдүүлэх;
  • Багт нэгээс доошгүй эмэгтэй үндсэн гишүүн байх.
Оролцох сонирхолтой хувь хүн, баг, хуулийн этгээд  http://www.innovathon.mn хаягаар орж 2021 оны 3-р сарын 29-нөөс 4-р сарын 12-ны өдрийн хооронд бүртгүүлнэ үү.

Бүртгүүлсэн оролцогчдод зориулсан ИДХ-ийн танилцуулга, цахим сургалтыг бүртгэлийн хугацаанд хуваарь гарган мэдэгдэж зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдах төслийн саналаа http://www.innovathon.mn/submit холбоосоор орж өгөгдсөн маягтын дагуу цахимаар бөглөж төслийн танилцуулгын 1 минутын видео бичлэгийн хамт 4-р сарын 12-ны өдрөөс 4-р сарын 15-ны дотор илгээнэ үү.

Шалгарсан төслүүдийн мэдээллийг 4 сарын 18-ны дотор холбогдох хаягаар мэдэгдэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.innovathon.mn  сайтаас танилцана уу.

 

Төсөл хэрэгжүүлэгч: “Шинэ эхлэх цэг” (Стартап Монгол) ТББ

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Багатойруу 49-р байр, 31 тоот

Холбоо барих: Б.Ихбаяр, Г.Төвшинзаяа

Утас: +976-89909924, +976-86778607

Цахим шуудангийн хаяг: info@innovathon.mn

Фэйсбүүк хаяг: Инновацийг дэмжих хөтөлбөр

 

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж,  Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзахдаа өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай зөвлөгөөнийг төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагууд “Алсын хараа 2050”  хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд ямар зам туулах,  ямар үүрэгтэй оролцох, ямар үр дүнд хүрэх, ирэх жилүүдэд ямар өөрчлөлт гаргах, шинэчлэлийн үр нөлөөг яаж тооцох зэрэг асуудлуудаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг зөвлөмж өгчээ.

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог бэхжүүлэх, мэдлэг, өндөр ур чадвар, хандлагаараа ялгарах иргэдийг ажиллуулах, сонгон шалгаруулахдаа цогц чадамжаар нь үнэлэх талаар мэдээлжээ.

УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гаригт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал,  худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож,  хэлэлцэн  дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир  Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг  хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Мөн  Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд  2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ. Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.