Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ
БАЙГАА ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ТӨСӨЛ
Хэрэгжүүлэх
хугацаа:
2015-2023 он
Хамрах салбар: Төрийн захиргааны байгууллагууд
Санхүүжилтийн
эх үүсвэр:
Швейцарын хөгжлийн агентлаг, буцалтгүй тусламж
Хэрэгжүүлэгч
байгууллага:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Төслийн зорилго:

Төвлөрлийг сааруулах, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой хуваарилах, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино.

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:  2015-2019 ОНД

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулсан. Тус бодлогын зорилго нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг тодорхой үе шатаар, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэж, сайн засаглалыг бүрдүүлэхэд чиглэнэ хэмээн тодорхойлсон байдаг.

Төслийн зүгээс Сангийн яамтай үр дүнтэй хамтран ажиллаж Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан. Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу төсвийн бүх байгууллага 3-5 жил тутам өөрсдийн чиг үүрэгт шинжилгээ хийж, шаардлагатай бол чиг үүргийн дахин хуваарилалт хийхээр заасан нь энэхүү ажлыг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хийж байх нөхцлийг бүрдүүлж өгсөн. • Төрийн байгууллагуудын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг боловсруулан Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлуулсан. Тус аргачлалыг хэрэгжүүлэхээр бүх яам, агентлаг, аймаг нийслэлийн хэмжээнд нийт 23 ажлын хэсэг байгуулан 2018-2019 онд ЗГХЭГ-аас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган, төслийн зүгээс арга зүй болон техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дахь Зөвлөлдөх ажлын хэсэг

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
  • Шадар сайдын ажлын алба
  • Ерөнхий сайдын ажлын алба
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)
  • Батлан хамгаалахын яам (БХЯ)
  • Гадаад харилцааны яам (ГХЯ)
  • Сангийн яам (СЯ)
  • Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)
  • Барилга хот байгуулалтын яам (БХБЯ)
  • Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)
  • Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)
  • Эрчим хүчний яам (ЭХЯ)
  • Эрүүл мэндийн яам (ЭМЯ)
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчлийн Хурал
  • Төв аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчлийн Хурал
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв

Энэхүү ажлын үр дүнд давхардсан тоогоор 1640 хуульд шинжилгээ хийсэн бөгөөд Засгийн газрын бүтцийн байгууллагуудын 32 ерөнхий чиг үүрэг, 152 үндсэн чиг үүрэг 800 дэд чиг үүргийг тодорхойлсон.

НИЙТ 800 ДЭД ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:

  • Төрийн захиргааны төв байгууллагууд нь нийт 661 дэд чиг үүргийг дангаараа болоод бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг
  • нийт 404 дэд чиг үүргийг дангаараа болоод төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага болоод төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг;
  • Аймаг, нийслэлийн хэмжээнд 311 дэд чиг үүргийг, сум, дүүргийн хэмжээнд 287 дэд чиг үүргийг, баг, хороонд 152 дэд чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхэд орон нутгийн хяналт, оролцоог хангаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж оролцдог;
  • Төрийн захиргааны төв байгууллагууд нь өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бусад төрийн захиргааны төв олоод төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага зэрэгтэй нийт 273 дэд чиг үүргийн хүрээнд хамтарч ажилладаг байна;
  • Төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүргүүдээс 95 чиг үүргийг хууль, тусгай зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод гүйцэтгэдэг.

Төрийн байгууллагуудын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг бүх яамд болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэн чиг үүргийн шинжилгээ хийн, дахин хуваарилах санал дүгнэлт боловсруулан улмаар хууль, эрх зүйн орчны нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулсан.

Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх үүднээс энэхүү ажлыг цахим хэлбэрээр буюу тусгай программаар хийх нөхцлийг бүрдүүлэх үүднээс www.function.gov.mn сайтыг боловсруулан хөгжүүлж төрийн албанд инновацийн томоохон шинэчлэлийг нэвтрүүлсэн болно.

Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү.

: Засгийн газрын 2 дугаар байр, Үндэсний хөгжлийн газар 118, 119 тоот,

Нэгдсэн үндэсний гудамж 5-1, Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хот,

Утас: 75752276

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.

 Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.

Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна.

“Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд  зохион байгуулах юм.

Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

Улаанбаатар хот

2020 оны 06 сарын 22-ны өдөр

Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Энэ дагуу:

–  2020.07.02  Сөүл

–  2020.07.04  Токио

–  2020.07.07  Сөүл

–  2020.07.09   Истанбул /транзит/

–  2020.07.15  Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.

Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. Мөн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр санал боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудын удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр  шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна.

Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн “Монгол төрийн их хуралдай орд” цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм.

Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын  150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ.

Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж  2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. Тухайлбал:

–  Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн зарим үйлчилгээг цахим болгох, иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх /smart.gov.mn/, “иргэдэд нээлттэй 1111 төв”-ийн системийг шинэчлэн өргөжүүлж, худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зорилгоор бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр төр, иргэн, иргэний нийгмийн байгууллага хамтрах,  төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломж нэмэгдсэн байна. Төрийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангахаар 2019 оныг “төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудаар “иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээнд тусгах ажлыг хийж байна.

–  Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгох зорилтын хүрээнд сургуулийн цахим бүртгэл, сургалтын байгууллага эцэг эхчүүдийн эргэх холбоо, цахим хичээл, зайн сургалт, хүний биеийн ерөнхий шинжилгээ, эмнэлэгийн хяналтыг цахимжуулж мөн иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг системийг бий болгож байна.

–  Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж  зөв зохистой ашиглах, иргэдэд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Үүнд: Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байна.  Мөн “Байгаль орчин аялал жуулчлалын төрийн захиргааны төв” байгууллагаас хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж батлуулан 2018-2040 он хүртэл хэрэгжүүлж байна.

Монгол Улсад нээлттэй засаг түншлэлийг төлөвшүүлэх, үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилдаг, төсөл хөтөлбөр болон донор байгууллагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бидний түншлэгч болон НЗТ-ийн гишүүн орнууд та бүхэнд тогтмол мэдээллээ хуваалцаж, холбоотой ажиллаж байгаад мөн талархал илэрхийлье.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн

Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум.  2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг  аж ахуй нэгжүүдээс “Бүтлийн ундарга”ХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс “Орхон тариа” ХХК-ууд тус тус  тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд  2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна.

Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас “Атрын-4” аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сард  2300 гаруй иргэнийг  гадаадаас татан авна

Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож,  хэлэлцэн шийдвэр гаргав.

7 хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын цар тахлаар өвчилсөн 194 хүн гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдний 89 нь эдгээд байна. Улсын хэмжээнд дотооддоо нэгч халдвар илрээгүй болно. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй,  нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17,694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна. Хэдийгээр торхиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд  долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийсээр байна.  Энэ нь дотоодод коронавируст халдварын тархалт гараагүй гэдгийг нотолж буй. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд сахисаар байх нь зүйтэй гэв. Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы  нэг сарын нөөцтэй байна. Олон улсын байгууллагууд тусгаарлалтын 21 хоногийн тоог  бууруулахыг зөвлөсөн. Гэсэн ч гадаадаас авч ирсэн иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дахь удаагийн шинжилгээгээр 18, 19 хоногийн дараа вирус илэрч байгаа эрсдлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн уидрдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжлээ.

Байнгын ажиллагаатай 13 боомт ачаа тээвэр нэвтрүүлж байна

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн эргэлт үргэлжилж байна. Боомтуудын үйл ажиллагаанд өдөр тутам МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас байнгын хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад  чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.

АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ  есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар  болон бусад байгууллагууд бэлэн гэв .

Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ

Коронавируст халдварт цар тахлын үед оцнгой нөхцөлд, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд банйа. Хөтөлбөрийн хүрээнд галын шугамд ажиллаж байгаа 1500 хүн орон байраар хангагдана. НЗДТГ, НОСК хамтран УОК-ын хяналтан дор төрийн албан хаагчдыг орон сууцжуулах тус ажлыг зохион байгуулна. Нийслэл Улаанбаатарт 70-100 хувийн гүйцэтгэлтэй 5000 гаруй барилга байгаагаас 60 хувь нь 1-2 өрөө, 30 хувь нь 3 ба түүнээс дээш өрөөтэй байгаа бол 1983 ширхэг нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцнууд аж.

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахдаа дараах хэд хэдэн шалгуурыг баримтлана. Байр авах алба хаагчдыг хамт олон нь тодорхойлж гаргах, тогтмол орлоготой, орлогынхоо 40 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр хийхээр тооцож, орон сууцаа захиалах, НОСК-аас гаргасан онлайн үзэсгэлэн худалдаанд тавигдсан байрнуудаас сонгоно. Сонгосон байраа НОСК-той гэрээ байгуулж, 15 хүртэлх жилээр түрээсэлж улмаар өмчилж авах юм. Урьдчилгаа төлбөр шаардахгүй бөгөөд иргэн хүсвэл урьдчилгаагаа өгч, үлдсэн төлбөрөө 6 хувийн хүүтэйгээр эхний жилүүдэд үндсэн төлбөрөөсөө хасалт хийлгэх хэлбэрээрэ сар бүр төлөх боломжийг олгож байна.  Нэн тэргүүнд цагдаа, хил хамгаалах ажилтан, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн ажилчид, эмч, ээмнэлгийн ажилчдыг хамруулахаар тооцоолж байна.

УОК-ын хурлаас сонгуулийн сурталчилгаанд баримтлах журмаа мөрдөхийг сануулж  мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь байршуулж байна.

МЭДЭГДЭЛ

  Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

  Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

  3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй  (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

  Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.

  Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.

  Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

2020 оны 06 дугаар 11-ний өдөр

Олон нийтийнхэвлэл мэдээллийн хэрэгслээр  “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн байна.

Энэхүү үндэслэлгүй мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, нэг талыг хэтэрхий баримтласан мэдээллийг түгээсэн байна.

Түгээсэн мэдээллийг нягтлах, хянаж, шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,  Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захиаргчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах байгуулсан.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн, нийт 12.0 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  1980.4 тн, хонины ястай мах 4852.2 тн, ямааны ястай мах 830.1 тн.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадаа, 16-р хороолол, Цайз худалдааны төвийн гадаа, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадаа, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадаа, 6-р бичил хороолол, Баян тахилт төвийн урд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадаа, Содон хороололд нийт 8 байршилд, 7 хоногт 2-3 удаа, гулуузаар худалдан борлуулалтыг хийж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нөөцийн махыг дүүргүүдийн холбогдох худалдааны төвийн гадаа зохион байгуулж байгаа бөгөөд дагнаж, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад нөөцийн махны борлуулалт хийгдэхгүй байгаа.

Цул, ангилсан мах нь бусад ангилж, ялгаагүй махнаас үнэ, цэнэтэй байх төдийгүй булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж ихтэй, нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөртэй яс, хальс, булчирхай зэргээс салгасан, хүнсний үнэт түүхий эд юм.

Махны ангилал, анхан шатны боловсруулалт, бэлтгэсэн хугацаа зэргээс хамаарсан үнийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээллийг түгээж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Хүнсний захуудад худалдаалж буй махны үнийн судалгаа

2020.06.10-ны өдрийн байдлаар

Захын нэр Үнэ Махны төрөл
Адуу Үхэр Хонь Ямаа
1. Хүчит шонхор зах Бөөний 5000-7500 8000-11000 8000-9500 6200-7000
Жижиглэн 8500-9000 10000-14000 9000-11000 8700-9000
2. Нарантуул 2 Бөөний 4500-7000 7500-10500 9500 6000-7500
Жижиглэн 8500-9000 11000-12000 9500-10000 8000-8500
3 Хархорин зах Бөөний 7000-7500 7800-8000 7000-7200 7500
Жижиглэн 9500 11000-12000 9500-9800 9500-9800
4 Амгалан Бөөний 6000 9500 6000
Жижиглэн 7500 13000 /цул/ 9500
5 Бөмбөгөр Жижиглэн 15000 /ястай/

15500 /цул/

12000
6 Баянзүрх зах Жижиглэн 10000 13000 /ястай/

15000 /цул/

11000 9000
7 Барс зах Жижиглэн 15000-16000 /цул/ 10000-11000

Эх үүсвэр: /ХХААХҮЯ, МЭЕГ, НМЭГ-ын тандалт судалгаа/

Эх сурвалж: ХХААХҮЯам

Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулах шийдвэрийг ажлын хэсгийн хуралдаан дээр мэдэгдсэн.
Өнөөдөр эмч, эмнэлэгийн ажилтнуудын төлөөлөл 10 төрийн албан хаагч байранд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авлаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, асрагч, вирус судлаач, лабораторийн ажилтан, тасгийн үйлчлэгч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг 10 төрийн албан хаагч үүнд багтаж байна. Та бүхэн өөрсдөө байраа сонгоно. Хэдэн метр квадрат байр сонгох нь та бүхний өрхийн орлогоос хамаарах юм. Үүний дараа ХӨСҮТ-ийн бусад албан хаагч болон бусад цэргийн эмнэлэг, онцгой, хил хамгаалах цагдаа, мэргэжлийн хяналт гээд ийм үе шат, зарчимтайгаар явна. Монголын төр зүтгэсэн хүнээ, сайн ажилласан хүнээ онцгойлон харж үзэх ёстой. Та бүхэнд дахин баяр хүргэе, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “Энэ бол олон санаачилгатай, зүтгэлтэй хүмүүсийн үр дүнд бий болж байгаа ажил. Зах зээл дээр борлуулагдахгүй байгаа байрны тухай олон жил яригдсан. Хэрэгжихгүй удаан явсан. Саад бэрхшээлүүд ч их байсан. Ингээд Ерөнхий сайд чиглэл өгч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга маш богино хугацаанд ажлын хэсгийг ахлаад зохион байгуулалттайгаар, төрийн хар хүний туршлага, зангарагаар бодит ажил хэрэг болгож байгаад та бүхнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын төрд зөв хүн, зөв цагтаа, зөв албан тушаалд ажиллахаар ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаж хүсэн хүлээсэн зүйлийг нь хийж чаддаг юм байна. Цаашдаа та бүхэн шиг олон хүн өөрийн гэсэн орон байртай болох ажил нэгэнт эхэллээ” гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Манай хамт олон 800-аад хүнтэй том хамт олон. Үүн дотор өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, ах дүүгийнхээ хаяа бараадаж эсвэл түрээсээр амьдарч байгаа олон хүн бий. Маш хурдан хугацаанд ярьсан бүхэн ажил хэрэг болж байгаад үнэхээр талархаж байна. Та бүхнийг хамт олон чинь сонгосон юм шүү. Хажууд чинь байгаа хүн та нарын амьдралыг асар сайн мэддэг учраас нэрсийг чинь гаргаж өгсөн. Нүдээ олсон, хүнээ олсон гэж бодож байна. Мөн өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа. 10 хүн батламж гардан авлаа” гэсэн юм.
Уг хөтөлбөрийг 100 тэрбум төгрөгийн санхүүжилтиин хүрээнд 1,300-1,500 орон сууцаар хангаж “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэрэгжүүлнэ.
Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа.
Орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламж гардан авсан иргэд сонголтоо хийн энэ сард байрандаа орох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.