Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллагын нэр Албан тушаал Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар  

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

Удирдах АА-3 Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ(1613)

-өгөгдлийн сан, сүлжээний загварчлал ба удирдлага (0612);

-сүлжээний технологи (061903).

Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх.
Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн Бичиг хэргийн асуудал хариуцсан Ахлах шинжээч гүйцэтгэх АА-6 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. -эрх зүй (0421);

-уран зохиол, хэл шинжлэл (0232);

-боловсрол (011403, 011407);

-архив судлал (032202);

-нийгмийн ажил (092301).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

 

-Төрийн албанд     6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
1.  

Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч

 

Гүйцэтгэх АА-7 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-мэдээллийн технологи (0613);

-мэдээллийн систем (0613);

-системийн аюулгүй байдал (0612);

-сүлжээний технологи (0619);

-програм хангамж (0613);

-компьютерын ухаан (0613).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

 

-Төрийн албанд     6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
2 Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ /0613/

 

Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

—oOo—

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо.

Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хоёр өдрийн турш Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын тухай санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ. Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, орон нутагт иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэлээ. Энэ саналаа ч Улсын Их Хурлын даргад өнөөдөр танилцуулсан байна.

Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд улс төрийн намууд МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэх боломжтойг хэллээ.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганд нийт 2775 төлөөлөгч оролцож 400 орчим санал гаргасныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дүгнэлтдээ дурдаад зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсныг танилцууллаа.

Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл

Төрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)

Баруун бүсийн тэргүүлэх чиглэл

Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,

Хойд бүсийн тэргүүлэх чиглэл

Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан

Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл

Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал

Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл

Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл

Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл

Эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг уншиж сонордууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өглөө.
Зарлигт:
–       Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр тусган хэрэгжүүлэх,
–       Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх,
–       Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
–       Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах
–       Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
–       Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах.
–       Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалахыг чиглэл болгожээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.

Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.

УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмыг шинэчлэх, жигд мөрдүүлэх, ОБЕГ-ын бүтэц, чадавх, хөрөнгө хуваарилалт, гадаад харилцааг  сайжруулах, нийт ажилтнуудын сургалт, аюулгүй байдалд онцгой анхаарах, гадаадаас аврах ажиллагааны сургалт авах ажиллагааг зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт хийдэг ШТС-уудын үйл ажиллагаа хууль эрх зүйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх,  УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өглөө.

Товч мэдээ

–       “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.

–       “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг хэлэлцэж баталлаа.

–       “Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам”-ыг шинэчиллээ.

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар

Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, ялангуяа нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдал, нээлттэй байдал, ардчилсан ёс, шударга ёс, иргэний орон зайн талаарх судалгаа, дүн шинжилгээтэй танилцах; цаашдын хамтран ажиллах боломж, бололцоогоо хэлэлцэх; оролцогч талууд түншлэлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Нээлттэй засгийн түншлэлийн эрчимжүүлсэн сургалт” (OGP Bootcamp) зохион байгууллаа.

Сургалтын “Өнгөрснөө эргэн харвал” эхний хэсгийн үеэр зочин илтгэгч, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Монгол Улсын ардчилал, иргэний нийгмийн үе шат” сэдэвт илтгэл, Дэлхийн банкны зөвлөх Д.Амарбаясгалан “Нийгмийн эгэх хариуцлага санаачилгын гол үр дүн, цаашид анхаарах асуудал (2016-2020)”, судлаач О.Саранчулуун “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ, шаардлага (2021)”, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Иргэний оролцооны үнэлгээний аргачлал боловсруулан, ашигласан нь“ сэдвээр мэдээлэл хуваалцав.

Сургалтын “Өнөөдөр бид” гэсэн II хэсэгт Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм бэхжүүлэх нь” (Media and Civil Society Strengthening / MACSS) төсөл, “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (Digital inclusion through CSO empowerment / DICE) төсөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд хариуцлагатай, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэж байна” (Voices of Change: CSOs join forces to advocate for Accountability, Transparency and Public Awareness) төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан байна.

“Цаашдын зорих цэг, хамтын ажиллагаа” гэсэн III хэсэгт Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан “Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийн хэрэгцээ, ач холбогдол” мэдээлэл, Хөгжлийн төлөө өгөгдөл” НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа “Иргэний нийгмийн хяналтыг өгөгдөлд түшиглэн бэхжүүлэх нь” Мэдлэгийн граф хэрэглүүрийн танилцуулж, туршлагаа хуваалцлаа.

 

 

 

 

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.

Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.

УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.

“Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж буй зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.

2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцоллоо.

Давос хотод зохион байгуулсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариусан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцлоо.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.

Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.

УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.