Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа.

Тэрбээр “Нарантуул” худалдааны төвийн Хаан Банкны салбарт ажиллан, зээлдэгч болон банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус салбарт нийт 1.6 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлийг 35 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Зээлдэгчдийн төлөөлөл “Нарантуул” худалдааны төвд жимс худалдаалдаг иргэн “Ч” гэхэд ажлын байраа тогтвортой хадгалж, эргэлтийн хөрөнгөө өсгөх зорилгоор гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа аж. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого иргэд болон хувийн бичил бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж байна гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий гурван хувийн хүүтэй Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэл сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар олгож байгаа юм.

НИЙТ ЗЭЭЛИЙН 72 ХУВИЙГ ОРОН НУТГИЙН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Мөн өдөр Ерөнхий сайд Монголбанк болон банкны салбарын удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр гурван хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, зээлдэгчдээс ирүүлсэн санал гомдлын талаар ярилцлаа.

Монголбанкнаас өгч буй мэдээллээр гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих зээлийн статистикаар нийт 75.3 тэрбум төгрөгийг 1,208 зээлдэгчид олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 21.1 тэрбум төгрөг буюу 28 хувийг, орон нутагт 54.2 тэрбум төгрөг буюу 72 хувийг эзэлж байна.

Банкны төлөөллүүд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүсэлтээ тодорхой гаргахгүй бол буцаагдах эрсдэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгөх зэргээс шалтгаалж татгалзах тохиолдол байгаа гэдгийг банкны удирдлагууд хэллээ. Мөн зээлийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилготой бол зээлдэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол цөөнгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгийн шаардагдах материалуудыг цахимжуулах хэрэгцээ шаардлага байгааг арилжааны банкны төлөөллүүд онцолж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Сангийн сайдад өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбар дээр 4-5 удаа ирэхгүйгээр цахим хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

“Давхардсан бус ХАМТАРСАН хөрөнгө оруулалт хийх архитектурын загварчлал”

Ухаалаг засаг төслийн хүрээнд газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа  “Төрийн энтерпрайз архитектур болон Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн үр дүнг танилцуулах семинар 2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Семинарт яам, агентлаг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт 105 хүн оролцлоо.

Семинарын эхний илтгэлээр төслийн зөвлөх, ШУТИС-ын профессор А.Эрдэнэбаатар “Энтерпрайз”, “Архитектур”-ын ойлголтын талаар танилцуулав. Үүнд:

– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж юу вэ? ТЭА гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал.

-Энтерпрайз гэж юу вэ?  Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.

-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж юу вэ?  ЭА гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглал. юм.

“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур?  Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэнэ.

Семинарын 2 дахь итгэлийг дэд төслийн зөвлөх Б.Ууганбаяр  Монгол Улсын Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, уг загварчлалыг туршилтаар нэвтрүүлж байгаа  байгууллагуудаас (ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ) гарсан сургамж, туршлагын талаар танилцуулав.

Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоос, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргах загварчлалыг төслийн үр дүнд бий болгосон байна.

Семинар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үргэлжилнэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Монгол Улс төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг 2016 онд баталж үе шаттай хэрэгжүүлж байна. Сайн засаглал, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай бөгөөд тэгш хүртээмжтэй хүргэх нь төвлөрлийг сааруулах бодлогын үндсэн зорилго юм. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн зүгээс ЗГХЭГ-т дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.