Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа.
Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа.
МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эдийн засаг, санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангуулан ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.
Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр боллоо.
Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна
Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.
Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов.
Монгол Улсад Чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлал батлагдан 20 гаруй жил болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, Чөлөөт бүсийн онол аргазүйг судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, судалгаа, шинжилгээ болон чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудал, бодит нөхцөлд байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн цаашид чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцыг тодорхойлох шаардлагатай болжээ.
Чөлөөт бүсийн хөгжлийн концепц тодорхойлох ажлын хүрээнд өнгөрсөн сард чөлөөт бүс дэх хөрөнгө оруулагч, биенес эрхлэгчдийн “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээс хууль эрх зүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэ төсөл хэрэгжүүлэх, ерөнхий асуудал гэсэн таван багц санал, зөвлөмж гаргажээ.
Товч мэдээ
· Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран УИХ-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
· Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
· Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлт хийх асуудлыг хил хамгаалах, улсын аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулан байгууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,
Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргахаар боллоо.
Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг салбарын сайд нарт даалгалаа.
Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.

ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийсний дүнд Монголд эмчлэгддэгүй байсан дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэг, ургийн мэс засал гэсэн хоёр өвчнийг эмчилдэг болсон. Энэ онд нэмж Монголд хийдэггүй хоёр төрлийн мэс заслыг хийхээр бэлтгэж байгаагаа тус төвийн захирал Ш.Алтантуяа хэлж, эхчүүд, хүүхдүүдийн тусламж үйлчилгээнд төрөөс онцгой анхаарч буйд талархал илэрхийллээ.
Хөрөнгө оруулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төрөх болон төрсний дараах тасгийн орыг шинэчилжээ. Өнөөдрийн байдлаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 13.6, ЭХЭМҮТ-д 12.9, “Өргөө” амаржих газарт 3.6, “Хүрээ” амаржих газар 3.2, “Амгалан” амаржих газар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэт аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгцээтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг үндэсний тэргүүлэх томоохон их сургууль болох ШУТИС-ийн шилдэг хөтөлбөрөөр бэлтгэнэ.
Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

Технологийн сургууль эхний 120 оюутнаа энэ намраас авч эхлэх бөгөөд одоо тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулах ажээ. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөх хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.
АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар



























