Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.
2023 оны Улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр,
– Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан.
– Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх,
– Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
– Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
– Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
– Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгажээ.
2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт шинээр бий болох ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “E-Мongolia” системд байршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан, хэрхэн хөгжүүлэх, улсын хэмжээнд шилжин суурьшилтыг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament” цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэв. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж. Тиймээс ирэх онд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой гэсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. 2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 19-нд боллоо.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,
-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийг тогтоож бүртгэхэд хүндрэлтэй, нотлох баримтын үнэн зөвийг шалгах боломжгүй байдаг)
-Шийдвэр, тогтоол бусад бичиг баримт нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг
-“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй
-Гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, хугацаандаа шийдвэрлэгддэггүй, тодорхой хариу өгдөггүй
-Иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болох тохиолдол нэмэгдсэн
-Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй
-Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэхчлэн гарчээ.
Ажлын хэсгийн дүгнэлт, саналтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Мөн хилээр нэвтэрсэн болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой дундын мэдээллийн сантай болох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа
Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө.
Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төвд ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцыг дүгнэж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Мөн тэрбээр үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн долоон байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгаа талаар танилцуулаад уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
“Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комисс”-ын 30 жилийн ой 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 1992 оны 3 дугаар сард Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Архивын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагджээ.
Дээрх хэлэлцээрийн хүрээнд 1992 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод хоёр орны архивын байгууллагын төлөөлөгчид анх удаа ажлын уулзалт хийсэн бөгөөд Монголын талаас Л.Мэндсайхан (Улсын архивын Хэрэг эрхлэх газрын дарга), Р.Янжмаа (Гадаад харилцааны төв архивын эрхлэгч), Ж.Оюунбазар (Батлан хамгаалахын төв архивын эрхлэгч), Ч.Хажидсүрэн (Засгийн газрын архивын эрхлэгч), М.Ринчин (Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан), С.Буд (Элчин сайдын яамны зөвлөх) нарын бүрэлдэхүүнтэй оролцож, Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын бүрэн эрх бүхий комиссыг байгуулж, дүрмийг нь баталсан байна.
Энэхүү түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Энх-Амгалан комиссын анхны уулзалтын монголын талын төлөөлөгчид болох Л.Мэндсайхан, Р.Янжмаа, Ж.Оюунбазар нарыг хүлээн авч уулзаж, ахмадуудынхаа дурсамж, сэтгэгдлийг сонсож, түүхэн энэ цаг хугацаанд хэрэгжүүлсэн болон цаашид хийж, хэрэгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Д.Болор-Эрдэнэ, Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, Засгийн газрын архивын эрхлэгч Д.Батжаргал нар оролцлоо.
Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа, өмнө нь хаалттай байсан түүхийн чухал баримтуудыг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, баримт бичгийн эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хоёр орны харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд таниулах зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн.
Тухайлахад, 1992 оноос хойшхи 30 жилийн хугацаанд Оросын Холбооны Улсын төрийн 11 архиваас Монгол Улсын түүхэнд холбогдох 627 хадгаламжийн нэгж (боть баримт), 84 төрлийн 97 гэрэл зураг, 70 нэрийн 191 бүлэг киног хуулбарлан авч, хоёр тал хамтран “Коминтерн ба Монгол”, “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухаан, техникийн харилцаа” 1, 2 боть, “БХК(б)Н-ын түүхэнд Монголын тухай” 1, 2, 3 боть зэрэг нийт 21 баримт бичгийн эмхэтгэлийг хэвлэн гаргаж, Улаанбаатар, Москва, Санкт-Петербург, Эрхүү зэрэг хотод 13 удаа үзэсгэлэн зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын шугамаар монголын 20 гаруй судлаачдыг Оросын Холбооны Улсын архивуудад ажиллуулж, архив, бичиг хэргийн 80 гаруй ажилтныг Оросын Холбооны Улсын ВНИИДАД (Бүх оросын баримт бичиг, архивын хэргийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн) болон төрийн архивуудад мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулсан юм.