Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал /2026.07.20/ хийв.

Тус хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар оролцож, орон нутгийн удирдлагуудад санал хүргүүлж, асуултад нь хариулав.

Хуралдаанаар Ерөнхий сайд аймаг, нийслэлийн удирдлагад дараах асуудалд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг холбогдох сайд нартай хамтран  нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Тогтоолд:

·      Аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг, аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны хэмжээг тогтоох,

·      Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг бүрдүүлж, тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т, мал, амьтны халдварт, болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

·      Улсын тусгай хэрэгцээний газарт малчдыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т,

·      Ургацын урьдчилсан балансыг 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·      Ургац хураалтын ажилд мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт,

·      Хүнсний улаанбуудайн стратегийн болон 2027 онд тариалах үрийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад,

·      Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл бүхий хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т, бараа, бүтээгдэхүүний хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл), Ургамал хамгааллын газар (Э.Уламбаатар)-т тус тус  үүрэг болгосон юм.

·      10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн ажлыг эрчимжүүлэх, дулааны эх үүсвэрийн хомсдолд орсон зарим аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дулааны цахилгаан станц барих ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.

 Мөн аймаг, сумын  өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргаж, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдал болон түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн стратегийн нөөцийг бүрдүүлж, алслагдсан сумдад хүргэх тээвэр ложистикийн бэлтгэлийг хангах, аймгийн төв болон сум, суурин газрын дулааны станц, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг есдүгээр сарын 01-нд бүрэн дуусгаж, хэрэгцээт түлш, нүүрсийг нөөцлөх арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 2026-2027 оны галлагааны улиралд сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хангахад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв.

Ерөнхий сайд нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ гэдгийг онцлов. Мөн аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, маргааш Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлэв. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барих тул аймаг орон нутгийнхан олон жил хүлээгдсэн ажлуудаа дуусгахад анхаарч саналаа өгөх хэрэгтэйг хөндөв.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд  Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж,  биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана.  Мөн холбогдох сайд нар аймгуудад очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болов.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.

Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад  хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна.

Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ.

Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав.

УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжих эрх зүйн орчин бий болсон. Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сараас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд e-business системээр ирсэн нийт 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна.

Бүртгүүлсэн хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр”, 22.6-д “хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар” тус тус заажээ.

Казакстан, Узбекстан, Арабын Нэгдсэн Эмират Улс мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гаалийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас тус тус хөнгөлдөг. Үүний дүнд Казакстан улсын мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.доллар, үүнээс 633 сая ам.долларын экспортыг Астана хаб дангаар хийсэн бөгөөд 2026 онд уг орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар бус, харин эдийн засаг, инновац, эрдэм шинжилгээ, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, өнөөгийн хэрэгцээ шаардлагаас харахад эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ял эдлүүлэх тогтолцооноос үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд салгаж шинэчлэх шаардлага тулгарч байна.

“Өнөөдрийн байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 4 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэр биелээгүй хэвээр байна. Үүнээс гадна 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр гацсан байна” гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өглөө.

Шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ.

Сангийн сайд З.Мэндсайхан: Таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

“Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ.  Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ.

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд /2026.06.29/ гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.

Өргөтгөсөн хуралдаанаас гарсан онцлох үр дүн:

 -Нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.

– Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
– Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан. Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв.  Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.

Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф: “Хэрэв  манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэлээ.

Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш хэлэхдээ, Монгол Улс барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлжээ. Өмнө нь Монгол Улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, тогтвортой орчныг бүрдүүлж, сайн засаглалын суурийг тууштай бэхжүүлж байгааг бид харж байна. Монголд олон удаа ирж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн итгэлийг өгч байна гэдгийг тодотгосон юм.

“Эдийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн “Өртгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш гэсэн сайн дохиог өгч чадлаа” гэдгийг онцлов.

“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.

Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй найман аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулыг ногдуулаад байна. Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Орон нутгийн хэмжээнд Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалаа. 65 нь үйл ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, зургаан аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, найман аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэн, гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

-“Зуны Давос”  Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан сорилт, шинээр бий болж буй боломжийн талаар санал солилцож, геоэдийн засгийн өөрчлөлт, ногоон шилжилтийн нөхцөлд тогтвортой өсөлтийг хадгалах, инновацыг бодит үр дүнд хүргэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс энэхүү чуулга уулзалтад өндөр түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Засгийн газрын хөгжлийн бодлого, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын бизнес, хөрөнгө оруулагчдын хүрээнд таниулах, шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна.

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг.

Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр” байгуулж эхэлж байжээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.

Товч мэдээ

·      Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралтаар баталж, төсвийн хязгаарт нийцүүлэн 2027 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

·      Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ядмаагийн Чойжамцын нэрэмжит болголоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа.

БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа.  Мөн аврах ажиллагаанд ашиглагдаж буй орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээ, ажиллагааны онцлогийн талаар туршлага солилцлоо.

Гал түймэр унтраах зориулалтын автомашин, өндөр даралтын усан хангамжийн систем, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл, нуранги дор болон хязгаарлагдмал орчинд ажиллах тоног төхөөрөмж, дулаан мэдрэгч болон хайлтын камер, аврах ажиллагааны гидравлик багаж, зөөврийн гэрэлтүүлгийн систем, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж зэрэг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд ашиглагддаг техник хэрэгслүүдтэй танилцлаа. Түүнчлэн гүн худаг, цооног болон хязгаарлагдмал орчинд осолдсон иргэдийг аврах ажиллагаанд ашигладаг тусгай тактик, аюулгүй ажиллагааны горим, олсон систем, өргөх төхөөрөмж, амьсгалын хамгаалах хэрэгсэл болон аврах ажиллагааны үе шат бүрийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, хангах боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн болон тактикийн сургалт, дадлага сургуулилтад хамруулах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа онцолж байна.

Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

БНТУ-ын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, гамшгийн дараах сэргээн босголтыг зохицуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, түр орон байр, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хийх, иргэдэд гамшгийн бэлэн байдлын сургалт явуулах, олон улсын хүмүүнлэгийн болон аврах ажиллагаанд оролцох зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын сургалт, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн талаарх олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, алба хаагчдыг тасралтгүй чадавхжуулах тогтолцоо, дадлага сургуулилтын цогц талбайн үйл ажиллагаатай танилцав.

Мөн гамшгийн үеийн хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын материал, аврах ажиллагаанд ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн стандарт, ашиглалтын шаардлага, алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.

БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Зүүн хойд Азийн найдвартай түнш Монгол Улстай үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж, хоёр улсын өнө эртний түүхэн найрсаг харилцааг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж байна.

Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, логистик, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежмент болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх, Монголын талын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Шадар сайд Н.Номтойбаяр Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.

Талууд Улаанбаатар хот болон “Шинэ Хархорум” хотыг бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болгон хөгжүүлэх, карго терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.