Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан даргалж, тус хорооны 2022 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 01 тогтоолын хэрэгжилт, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний санал, Хүний эрхийг хангах арга хэмжээний 2023-2025 оны төлөвлөгөөний төсөл, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал тайлагнах, илтгэх журмын төсөл хэлэлцэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчилж Улсын Их Хуралд хүргүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаанд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах санал илэрхийллээ. Мөн үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын III илтгэлийн мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ач холбогдлыг хорооны гишүүд цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ малчдын эрхийн асуудал, дотуур байрны нөхцөл байдал, хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, хүний эрхийг хангахад салбар дундын бодлого, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Манай улсад 2001 оноос хойш ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, өөрийн байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм. Тиймээс НҮБ-ын Парисын зарчмын дагуу хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, өөрийн байртай болох үндсийг бүрдүүлэн Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороонд 2545 м.кв газрын өмчийн гэрчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж, Хүний эрхийн Үндэсний Комисст гардуулав.