Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Нутгийн удирдлага – 30” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцов.
“Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээлээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг тодотгожээ.
Монгол Улс 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулиараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, үзэл баримтлалыг шинэ агуулгаар баяжуулж шинэчилсэн. Энэхүү шинэчлэлд Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт бий. Энэ нь иргэддээ засаглалын дээд эрхийг олгохын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоог бүрдүүлэх үндсийг тавьсан гэж үздэг.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус хурлыг нээж үг хэлэхдээ “Өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд нутгийн иргэд онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий тус засаглалын хэлбэр нь манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын туршлага юм. Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо” гэдгийг онцоллоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн илтгэл тавилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого: Хот хөдөөгийн сэргэлт, Нутгийн өөрөөр удирдах байгууллагын хөгжил дэвшил – орон нутагт зэрэг илтгэлийг хурлаар хэлэлцлээ.