Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийн 179 орноос 110 дугаар байранд жагсаж буй үзүүлэлт олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр гарсан байна. Энэ нь 1997 онд анх удаа баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэний нийгмийн хөгжлийг дэмжсэн, эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг бүрэн хангах хэрэгцээ үүссэн байгааг харуулж буй учраас эрх зүйн шинэчлэл хийх нь зайлшгүй гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлав.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил нь ардчиллын гол тулгуур болдог учраас уг хуулийн төслийг сайтар хэлэлцүүлж, салбарын болон олон нийтийн санаа бодлыг заавал тусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заажээ.
Тиймээс төр иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд анхаарах бол нөгөө талаас аливаа төрийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх сан, холбоод нь нээлттэй, ил тод, тодорхой байх шаардлагатайг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотголоо.
Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаарлах аливаа заалт оруулахгүй байх шаардлагатайг дурдав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс “Ардчилсан засаглалтай улсад олон ургалч байдлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүний илрэл болж жагсаж цуглах нь иргэдийн эрх, ардчиллын хэмжүүр байдаг. Харин иргэний болон нийгмийнхээ дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсдоггүй ардчилсан төр гэж байх ёсгүй юм. Иймээс хуулийн төсөл нь иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхад чиглэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлэв.