Монгол Улсын Засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд иргэний нийгэм, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар тэгш хүртээмжтэй болгох, төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг дэмжих арга замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүнд суртал, дарамт чирэгдэл, авлигаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж бүрэн цахимжуулах зорилгоор дэлхийн 78 улс орнуудын сайн дурын олон талт санаачилга болох Нээлттэй Засгийн Түншлэл (www.OpenGovPartnership.org, цаашид “НЗТ” гэх)-д 2013 онд нэгдэн орсон билээ.
НЗТ-ийн гишүүн орны хувьд Монгол Улс нь төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, инновацийг дэмжсэн, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхэд чиглэсэн байх зарчмыг хэвшүүлэх тодорхой зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III-ыг хоёр жил тус бүр үе шаттайгаар хэрэгжүүлж ирэв.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс “Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2024” оны үйл ажиллагааны үндэсний Төлөвлөгөө-IV”-ийн төслийг боловсруулахад хувийн хэвшлийн санал, санаачилгыг тусгаж ажиллах талаар нээлттэй санал солилцох хэлэлцүүлэг уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
НЗТ-ийн олон улсын элч төлөөлөгч Л.Төр-Од НЗТ-ийн Засаг төрийг нээлттэй, хариу үйлдэлтэй байлгахад хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах, Герман, Гүрж, Солонгос зэрэг улс оронд хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцуулав. ЗГХЭГ-ын референт Р.Дүүрэнбаяр, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд сайн засаглал хариуцсан зөвлөх Ч.Болортуяа нар үндсэн илтгэгчээр оролцлоо.
Хэлэлцүүлэг уулзалтад Монголын Барилгын үндэсний ассоциаци, Улаанбаатар Худалдааны танхим, мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, МҮХАҮТ-ын дэргэдэх Тээвэр зуучийн зөвлөл, Траст трэйд ХХК, Лхамур ХХК, “Хар чонот” ХХК, Ноосон зангилаа дундын хоршоо, ICTSG мэдээллийн технологийн компани зэрэг хувийн хэвшлийн салбар бүрийн төлөөлөл оролцож Монгол Улсын НЗТ-ийн 2021-2024 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд тусгах тодорхой саналаа уламжлан хүргүүлэв.