Зөвлөх үйлчилгээ: Шилжилт хөдөлгөөний бодлогын зөвлөх
Байршил: Улаанбаатар хот, Монгол улс
Үргэлжлэх хугацаа: 6 сар Эхлэх хугацаа:
2021 оны 10 дугаар сар
Танилцуулга
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, биелэлтэд хяналтшинжилгээ хийх механизмыг шинэчлээд байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050”, 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Харин дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах долоон чиглэлээр хөгжлийн зорилтот хөтөлбөр байхаар хуульчлагдсан. Үүнд: Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр; Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Байгаль орчны зорилтот хөтөлбөр; Засаглалын зорилтот хөтөлбөр; Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр; Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар эдгээр хөтөлбөрийн төслийг 2022 оны 6 дугаар сард багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Дээрх хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулахад хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах талаар салбар дамнасан асуудлыг судалж, эдгээр хөтөлбөрүүдэд тусгах нь чухал ач холбогдолтой билээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь дунд хугацааны буюу хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Алсын хараа 2050-урт хугацааны бодлогын хүрээнд батлагдан гарах бусад бодлогын баримт бичгүүдэд шилжилт хөдөлгөөний асуудлуудлыг зохистойгоор тусгах, холбогдох арга зүйн зөвлөмжөөр хангах, шаардлагатай судалгаа шинжилгээг гүйцэтгэх юм.
Үүрэг хариуцлага:
1. Үндэсний, бүс орон нутгийн болон салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бодлого, хууль эрх зүй, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй танилцах, холбогдох журам, зааварт үндэслэн хүн амны шилжилт хөдөлгөөний асуудлын хүрээнд бодлогын зорилго, зорилт, үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох;
2. Хууль эрх зүй, бодлогын орчин, тоон мэдээлэл зэрэгт дүн шинжилгээ хийж, тэдгээрийн зөрүүтэй байдлыг тодорхойлох;
3. Үндэсний, салбарын болон аймаг, орон нутгийн түвшинд шилжилт хөдөлгөөний одоогийн байдлыг судалж, танилцуулах;
4. Шилжилт хөдөлгөөний ирээдүйн загвар, төсөөллийг тодорхойлох, хувилбар боловсруулах;
5. Шилжилт хөдөлгөөний олон улсын шаардлага, туршлагыг судалж, танилцуулах;
6. Монгол Улсын дунд хугацаанд (10 жил) хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон үндэсний, салбарын, салбар дундын түвшинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
7. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон бусад холбогдох талуудтай хамтран шилжилт хөдөлгөөнийг үндэсний, салбарын, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах талаарх Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
8. Холбогдох бүхий л судалгаа, шинжилгээ, баримт нотолгоонд үндэслэн шилжилт хөдөлгөөний талаарх бодлогын үзэл баримтлалыг боловсруулах;
9. Баримт бичгийн боловсруулалтад салбар дундын бусад асуудлууд (хүний эрх, жендэрийн тэгш байдал, бүсийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, засаглал, дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөний удирдлага, зохицуулалт гэх мэт)-г уялдуулан тусгах;
10. Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн боловсруулалтын явцад холбогдох байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, загвар, хяналтын хуудас боловсруулах;
11. Алсын хараа 2050, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Аюулгүй, цэгцтэй, зөрчилгүй шилжилт хөдөлгөөний дэлхийн компакт гэрээ (Global Compact for Migration) хоорондын уялдааг хангах;
12. Шаардлагатай хурал, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах;
13. ЗГХЭГ-н Бодлого төлөвлөлтийн газар болон ОУШХБ-с даалгасан бусад үүрэг даалгаварыг шуурхай, тасралтгүй гүйцэтгэх.
Шаардлагатай туршлага, ур чадвар:
-Математик, статистик, загварчлал, эдийн засаг, хүн ам зүй, төрийн бодлого, төрийн захиргаа, улс төр судлал болон бусад холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх;
-Хөгжлийн бодлого төлөвлөлт, зохицуулалт, бодлогын судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээ, систем сэтгэлгээ болон бусад чиглэлээр нийт 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай. Үүнээс шилжилт хөдөлгөөний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
-Математик, загварчлал хийж байсан туршлагатай;
-Тогтвортой хөгжлийн зорилтууд болон үндэсний хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудын талаар мэдлэгтэй байх;
-Холбогдох хууль, дүрэм журам судалж, дүн шинжилгээ хийх чадвартай;
-Mонгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх. Англи хэлтэй бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Сонгогдсон зөвлөх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого, төлөвлөлтийн газар болон Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын удирдлага, чиглэлийн хүрээнд ажлын хэсгийн бусад зөвлөхүүдтэй хамтран бүтэн цагаар ажиллана.
– Ажлын намтар (CV), уг ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн нэг хуудаст багтаасан захидал (cover letter)-г Англи болон Монгол хэл дээр бэлтгэн iomubadminhr@iom.int гэсэн хаягаар 2021 оны 10 сарын 6-ны дотор цахимаар ирүүлнэ үү.
-Имэйлийнхээ гарчиг хэсэгт “Application for Migration expert” гэж бичнэ үү. Хугацаа хэтэрсэн өргөдлийн материалыг хүчингүйд тооцно. Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчидтай холбоо барина.