“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд тус зорилтын хүрээнд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр (2024-2030)”-ийг батлаад байна.
Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог Ерөнхий сайдын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулж, тус хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо ахлан ажиллаж байна.
Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Засгийн газрын Агентлагийн дарга нарт “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад оролцогчдод хандан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Б.Солонгоо төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд онцгойлон анхаарах, өөрийн эрхлэх асуудлын хүрээний төрийн болон төсвийн холбогдох байгууллагуудыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг өгөв.