Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.23) төрийн ордонд хүлээн авч уулзан, “Цахим засгийн газар хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд талууд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах, Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулахад харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, хамтарсан судалгаа хийх, харьяа аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
Уулзалтын үеэр Сайд Н.Учрал “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох реформ хэрэгжүүлэх зорилт туссан. Зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдлийг боловсруулан, шийдвэр гаргалтад хэрэглэж төрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн туршлагаас суралцах, Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулж, цахим архив, цаасгүй технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр туршлага судлан хамтарч ажиллах сонирхолтой байна. Цаашид бидний хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, Монгол, Солонгосын харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Мин манай улсад анх удаа айлчилж буй юм. Тэрбээр санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжиж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө ажиллана гэв.