Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, ялангуяа нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдал, нээлттэй байдал, ардчилсан ёс, шударга ёс, иргэний орон зайн талаарх судалгаа, дүн шинжилгээтэй танилцах; цаашдын хамтран ажиллах боломж, бололцоогоо хэлэлцэх; оролцогч талууд түншлэлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Нээлттэй засгийн түншлэлийн эрчимжүүлсэн сургалт” (OGP Bootcamp) зохион байгууллаа.
Сургалтын “Өнгөрснөө эргэн харвал” эхний хэсгийн үеэр зочин илтгэгч, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Монгол Улсын ардчилал, иргэний нийгмийн үе шат” сэдэвт илтгэл, Дэлхийн банкны зөвлөх Д.Амарбаясгалан “Нийгмийн эгэх хариуцлага санаачилгын гол үр дүн, цаашид анхаарах асуудал (2016-2020)”, судлаач О.Саранчулуун “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ, шаардлага (2021)”, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Иргэний оролцооны үнэлгээний аргачлал боловсруулан, ашигласан нь“ сэдвээр мэдээлэл хуваалцав.
Сургалтын “Өнөөдөр бид” гэсэн II хэсэгт Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм бэхжүүлэх нь” (Media and Civil Society Strengthening / MACSS) төсөл, “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (Digital inclusion through CSO empowerment / DICE) төсөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд хариуцлагатай, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэж байна” (Voices of Change: CSOs join forces to advocate for Accountability, Transparency and Public Awareness) төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан байна.
“Цаашдын зорих цэг, хамтын ажиллагаа” гэсэн III хэсэгт Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан “Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийн хэрэгцээ, ач холбогдол” мэдээлэл, Хөгжлийн төлөө өгөгдөл” НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа “Иргэний нийгмийн хяналтыг өгөгдөлд түшиглэн бэхжүүлэх нь” Мэдлэгийн граф хэрэглүүрийн танилцуулж, туршлагаа хуваалцлаа.