• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • home page
  • About us
    • Director’s Message
    • Chief
    • Main goals
    • Organization structure
    • Historical path
    • Legal Environment
  • Call Center 11-11
  • Result based M&E
  • Activities
  • Human Resources
  • Budget and Finance
  • Search
  • Menu Menu
News, онцлох мэдээ, Чухал мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ.
Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.

Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ.
Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.
Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.
Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш яг 30 жилийн хугацаа өнгөрлөө. Ардчиллын 30 жилийн заагт дэлхий дахиныг хүндрүүлсэн цар тахал, дайн зэрэг томоохон сорилттой нүүр туллаа.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна.

Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах
Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.
Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.
Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.

Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.
Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно.
Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.
Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
·      Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
·      Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тасдаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй ээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай!

This post is also available in: Mongolian

2022-12-15/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/fragNcoSjWPcuABgT4q1.jpeg 952 1600 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2022-12-15 09:14:222022-12-22 09:16:43Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ 2023-03-23
  • Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана 2023-03-22
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа 2023-03-20
  • БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ 2023-03-20
  • Засгийн газар зарим салбар дахь төрийн оролцоог багасгаж, либералчлах ажлыг идэвхжүүлнэ 2023-03-17

file directory

2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай (2021 оны байдлаар)
2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлага
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 220
  • 21,044
  • 76,351
  • 694,212
  • 1,824,134

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2023
  • Facebook
  • Twitter
  • Youtube
Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал... “Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг...
Scroll to top