Соёлын яам, Монгол үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” ТББ, “Глоб Интернэшнл Төв” ТББ хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулав. Тус олон талын оролцоот, иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн төлөөлөл бүхий нээлттэй хэлэлцүүлгийг Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нээн үг хэлэв. Оролцогчдын зүгээс уран бүтээл туурвих явцдаа болон уран бүтээлийн агуулгадаа хүний эрхийн зарчмыг удирдлага болгон ажиллахад анхаарах зүйлс, тулгардаг бэрхшээл, даван туулах боломж, шийдлийн талаар чөлөөтэй байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Энэхүү форумын үр дүнд хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, уриалга түгээсэн байна. Тус хэлэлцүүлгийн 136 оролцогчийн хэлэлцэн, зохион байгуулагчдын зүгээс эцэслэн боловсруулсан уриалгыг энд дарж үзнэ үү.