Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Энэ дагуу:

–  2020.07.02  Сөүл

–  2020.07.04  Токио

–  2020.07.07  Сөүл

–  2020.07.09   Истанбул /транзит/

–  2020.07.15  Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.

Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. Мөн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр санал боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудын удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр  шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна.

Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн “Монгол төрийн их хуралдай орд” цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм.

Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын  150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ.

Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Монгол Улс олон улсын “Нээлттэй засаг түншлэлд” нэгдэн орсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I” болон “үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”-ийг тус тус амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх хоёр төлөвлөгөөний үр дүнд суурилж  2019-2021 онд хэрэгжүүлэх “үйл ажиллагааны төлөвлөгөө-III”-г баталсан. Уг төлөвлөгөө нь голлох салбаруудыг хамарсан 13 зорилтын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд уялдаж ажиллах нөхцөлийг бий болгоход чиглэсэн. Тухайлбал:

–  Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн зарим үйлчилгээг цахим болгох, иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх /smart.gov.mn/, “иргэдэд нээлттэй 1111 төв”-ийн системийг шинэчлэн өргөжүүлж, худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зорилгоор бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр төр, иргэн, иргэний нийгмийн байгууллага хамтрах,  төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломж нэмэгдсэн байна. Төрийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангахаар 2019 оныг “төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудаар “иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээнд тусгах ажлыг хийж байна.

–  Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгох зорилтын хүрээнд сургуулийн цахим бүртгэл, сургалтын байгууллага эцэг эхчүүдийн эргэх холбоо, цахим хичээл, зайн сургалт, хүний биеийн ерөнхий шинжилгээ, эмнэлэгийн хяналтыг цахимжуулж мөн иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг системийг бий болгож байна.

–  Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж  зөв зохистой ашиглах, иргэдэд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Үүнд: Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байна.  Мөн “Байгаль орчин аялал жуулчлалын төрийн захиргааны төв” байгууллагаас хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулж батлуулан 2018-2040 он хүртэл хэрэгжүүлж байна.

Монгол Улсад нээлттэй засаг түншлэлийг төлөвшүүлэх, үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилдаг, төсөл хөтөлбөр болон донор байгууллагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бидний түншлэгч болон НЗТ-ийн гишүүн орнууд та бүхэнд тогтмол мэдээллээ хуваалцаж, холбоотой ажиллаж байгаад мөн талархал илэрхийлье.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн

Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум.  2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг  аж ахуй нэгжүүдээс “Бүтлийн ундарга”ХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс “Орхон тариа” ХХК-ууд тус тус  тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд  2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна.

Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас “Атрын-4” аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сард  2300 гаруй иргэнийг  гадаадаас татан авна

Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож,  хэлэлцэн шийдвэр гаргав.

7 хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын цар тахлаар өвчилсөн 194 хүн гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдний 89 нь эдгээд байна. Улсын хэмжээнд дотооддоо нэгч халдвар илрээгүй болно. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй,  нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17,694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна. Хэдийгээр торхиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд  долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийсээр байна.  Энэ нь дотоодод коронавируст халдварын тархалт гараагүй гэдгийг нотолж буй. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд сахисаар байх нь зүйтэй гэв. Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы  нэг сарын нөөцтэй байна. Олон улсын байгууллагууд тусгаарлалтын 21 хоногийн тоог  бууруулахыг зөвлөсөн. Гэсэн ч гадаадаас авч ирсэн иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дахь удаагийн шинжилгээгээр 18, 19 хоногийн дараа вирус илэрч байгаа эрсдлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн уидрдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжлээ.

Байнгын ажиллагаатай 13 боомт ачаа тээвэр нэвтрүүлж байна

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн эргэлт үргэлжилж байна. Боомтуудын үйл ажиллагаанд өдөр тутам МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас байнгын хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад  чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.

АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ  есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар  болон бусад байгууллагууд бэлэн гэв .

Албан хаагчид онлайнаар орон сууцны сонголтоо хийнэ

Коронавируст халдварт цар тахлын үед оцнгой нөхцөлд, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд банйа. Хөтөлбөрийн хүрээнд галын шугамд ажиллаж байгаа 1500 хүн орон байраар хангагдана. НЗДТГ, НОСК хамтран УОК-ын хяналтан дор төрийн албан хаагчдыг орон сууцжуулах тус ажлыг зохион байгуулна. Нийслэл Улаанбаатарт 70-100 хувийн гүйцэтгэлтэй 5000 гаруй барилга байгаагаас 60 хувь нь 1-2 өрөө, 30 хувь нь 3 ба түүнээс дээш өрөөтэй байгаа бол 1983 ширхэг нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцнууд аж.

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахдаа дараах хэд хэдэн шалгуурыг баримтлана. Байр авах алба хаагчдыг хамт олон нь тодорхойлж гаргах, тогтмол орлоготой, орлогынхоо 40 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр хийхээр тооцож, орон сууцаа захиалах, НОСК-аас гаргасан онлайн үзэсгэлэн худалдаанд тавигдсан байрнуудаас сонгоно. Сонгосон байраа НОСК-той гэрээ байгуулж, 15 хүртэлх жилээр түрээсэлж улмаар өмчилж авах юм. Урьдчилгаа төлбөр шаардахгүй бөгөөд иргэн хүсвэл урьдчилгаагаа өгч, үлдсэн төлбөрөө 6 хувийн хүүтэйгээр эхний жилүүдэд үндсэн төлбөрөөсөө хасалт хийлгэх хэлбэрээрэ сар бүр төлөх боломжийг олгож байна.  Нэн тэргүүнд цагдаа, хил хамгаалах ажилтан, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн ажилчид, эмч, ээмнэлгийн ажилчдыг хамруулахаар тооцоолж байна.

УОК-ын хурлаас сонгуулийн сурталчилгаанд баримтлах журмаа мөрдөхийг сануулж  мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь байршуулж байна.

МЭДЭГДЭЛ

  Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

  Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

  3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй  (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

  Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.

  Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.

  Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

2020 оны 06 дугаар 11-ний өдөр

Олон нийтийнхэвлэл мэдээллийн хэрэгслээр  “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн байна.

Энэхүү үндэслэлгүй мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, нэг талыг хэтэрхий баримтласан мэдээллийг түгээсэн байна.

Түгээсэн мэдээллийг нягтлах, хянаж, шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,  Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захиаргчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах байгуулсан.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн, нийт 12.0 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  1980.4 тн, хонины ястай мах 4852.2 тн, ямааны ястай мах 830.1 тн.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадаа, 16-р хороолол, Цайз худалдааны төвийн гадаа, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадаа, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадаа, 6-р бичил хороолол, Баян тахилт төвийн урд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадаа, Содон хороололд нийт 8 байршилд, 7 хоногт 2-3 удаа, гулуузаар худалдан борлуулалтыг хийж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нөөцийн махыг дүүргүүдийн холбогдох худалдааны төвийн гадаа зохион байгуулж байгаа бөгөөд дагнаж, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад нөөцийн махны борлуулалт хийгдэхгүй байгаа.

Цул, ангилсан мах нь бусад ангилж, ялгаагүй махнаас үнэ, цэнэтэй байх төдийгүй булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж ихтэй, нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөртэй яс, хальс, булчирхай зэргээс салгасан, хүнсний үнэт түүхий эд юм.

Махны ангилал, анхан шатны боловсруулалт, бэлтгэсэн хугацаа зэргээс хамаарсан үнийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээллийг түгээж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Хүнсний захуудад худалдаалж буй махны үнийн судалгаа

2020.06.10-ны өдрийн байдлаар

Захын нэр Үнэ Махны төрөл
Адуу Үхэр Хонь Ямаа
1. Хүчит шонхор зах Бөөний 5000-7500 8000-11000 8000-9500 6200-7000
Жижиглэн 8500-9000 10000-14000 9000-11000 8700-9000
2. Нарантуул 2 Бөөний 4500-7000 7500-10500 9500 6000-7500
Жижиглэн 8500-9000 11000-12000 9500-10000 8000-8500
3 Хархорин зах Бөөний 7000-7500 7800-8000 7000-7200 7500
Жижиглэн 9500 11000-12000 9500-9800 9500-9800
4 Амгалан Бөөний 6000 9500 6000
Жижиглэн 7500 13000 /цул/ 9500
5 Бөмбөгөр Жижиглэн 15000 /ястай/

15500 /цул/

12000
6 Баянзүрх зах Жижиглэн 10000 13000 /ястай/

15000 /цул/

11000 9000
7 Барс зах Жижиглэн 15000-16000 /цул/ 10000-11000

Эх үүсвэр: /ХХААХҮЯ, МЭЕГ, НМЭГ-ын тандалт судалгаа/

Эх сурвалж: ХХААХҮЯам

Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулах шийдвэрийг ажлын хэсгийн хуралдаан дээр мэдэгдсэн.
Өнөөдөр эмч, эмнэлэгийн ажилтнуудын төлөөлөл 10 төрийн албан хаагч байранд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авлаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, асрагч, вирус судлаач, лабораторийн ажилтан, тасгийн үйлчлэгч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг 10 төрийн албан хаагч үүнд багтаж байна. Та бүхэн өөрсдөө байраа сонгоно. Хэдэн метр квадрат байр сонгох нь та бүхний өрхийн орлогоос хамаарах юм. Үүний дараа ХӨСҮТ-ийн бусад албан хаагч болон бусад цэргийн эмнэлэг, онцгой, хил хамгаалах цагдаа, мэргэжлийн хяналт гээд ийм үе шат, зарчимтайгаар явна. Монголын төр зүтгэсэн хүнээ, сайн ажилласан хүнээ онцгойлон харж үзэх ёстой. Та бүхэнд дахин баяр хүргэе, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “Энэ бол олон санаачилгатай, зүтгэлтэй хүмүүсийн үр дүнд бий болж байгаа ажил. Зах зээл дээр борлуулагдахгүй байгаа байрны тухай олон жил яригдсан. Хэрэгжихгүй удаан явсан. Саад бэрхшээлүүд ч их байсан. Ингээд Ерөнхий сайд чиглэл өгч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга маш богино хугацаанд ажлын хэсгийг ахлаад зохион байгуулалттайгаар, төрийн хар хүний туршлага, зангарагаар бодит ажил хэрэг болгож байгаад та бүхнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын төрд зөв хүн, зөв цагтаа, зөв албан тушаалд ажиллахаар ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаж хүсэн хүлээсэн зүйлийг нь хийж чаддаг юм байна. Цаашдаа та бүхэн шиг олон хүн өөрийн гэсэн орон байртай болох ажил нэгэнт эхэллээ” гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Манай хамт олон 800-аад хүнтэй том хамт олон. Үүн дотор өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, ах дүүгийнхээ хаяа бараадаж эсвэл түрээсээр амьдарч байгаа олон хүн бий. Маш хурдан хугацаанд ярьсан бүхэн ажил хэрэг болж байгаад үнэхээр талархаж байна. Та бүхнийг хамт олон чинь сонгосон юм шүү. Хажууд чинь байгаа хүн та нарын амьдралыг асар сайн мэддэг учраас нэрсийг чинь гаргаж өгсөн. Нүдээ олсон, хүнээ олсон гэж бодож байна. Мөн өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа. 10 хүн батламж гардан авлаа” гэсэн юм.
Уг хөтөлбөрийг 100 тэрбум төгрөгийн санхүүжилтиин хүрээнд 1,300-1,500 орон сууцаар хангаж “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэрэгжүүлнэ.
Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа.
Орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламж гардан авсан иргэд сонголтоо хийн энэ сард байрандаа орох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэвч гэр бүлийн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага байсаар байна.

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин холбогдох албаныхны хамтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрнуудад ажилласан.

Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.

Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв  15 хохирогчыг хүлээн авах хүчин чадалтай. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай хүүхдээс эхлээд нийт есөн хүүхэд байв.

Энэ үеэр ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байршуулж үйлчилгээ үзүүлдэг ч жил хүртэлх хугацаанд байршдаг тохиолдол ч цөөнгүй байдаг. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаашралтай байдгаас тухайн хохирогчыг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байршуулдаг” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Нэгдүгээрт хүүхэд хамгаалах төвүүдэд ажиллах орон тооны мэргэжилтнүүдийн стандартыг тогтоож өгөх ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоонууд байх ёстой. Мөн улсын хэмжээнд тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсаны дараа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгийг Улсын Онцгой комисст ард иргэдээс цугласан хандиваас гаргахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инноваци нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв.

Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслөө боловсруулснаа залуу бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад өгсөн. Тус төслийг хэрэгжүүлэх боломжийг судлаж, ажил хэрэг болгоход бэлтгэн шийдвэрлүүүлэхийг ГХ-ны сайдад даруй үүрэг болгосон. УИХ, ЗГ-ын түвшинд инновацийн тухай хуулийг батлан гаргасан ч хэрэгжилт удааширалтай хангалтгүй байгааг хэлж байв. Иймд дагалдах журмууд болон бусад хуулийг гаргахын зэрэгцээ мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарна гэлээ.

Орчин цагт бодит орон зайнаас илүү дижитал орон зай нь нийгэм түүний хөгжил, хүн төрлөхтний харилцаа, оршин буйд илүү үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Монгол Улсыг стартапуудын хязгааргүй чөлөөт бүс болговол энэ салбарын хөгжилд шууд дэмжлэг болох болно гэх санал ч уулзалтын үеэр гарч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.