Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг Казахстан Улсын Элчин сайд онцлон тэмдэглэж, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсэний дунд БНКазакстан Улсад байгаа манай 1,300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжид 200 гаруй иргэнээ татан авчирсан байгаа бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Түүнчлэн манай улсад байгаа Казак иргэдийг нутаг буцаахад манай Засгийн газрын зүгээс ЭСЯ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгаж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж хоёр тал үзлээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа. энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагаа болон худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улстай Олон салбарт хамтран ажилладаг. Дэлхий дахинд нүүрлэсэн Ковид-19 цар тахлын улмаас бий болсон цоо шинэ нөхцөл байдлаас шалтгаалан харилцаа, хамтын ажиллагааны шинэ сорилтууд бий болж байна.
Иймд хоёр талын харилцааг уламжлалт аргаар хөгжүүлэхэд хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн ч хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал илэрхийллээ. Мөн энэ онд төлөвлөгдсөн хурал, төрийн өндөр дээд айлчлалуудыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм. ХБНГУ-аас Монгол Улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ уузалтын үеэр илэрхийллээ.

“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа. Уралдааныг

1.  Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй телевиз

2.  Телевизийн үндэсний шилдэг бүтээл

3.  Телевизийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл

4.  Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй радио

5.  Радиогийн үндэсний шилдэг бүтээл

6.  Радиогийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл

7.  Орон нутгийн телевизийн шилдэг бүтээл

8.  Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл

9.  Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл гэсэн төрлөөр явуулж шилдэгүүдийг тодруулсан байна.

I.  ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг

2.  “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийнЗалуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг

3.  “Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг

II.  РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг

2.  Марчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг

III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Арга билиг 95.7 радиогийн  “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэг

2.  Контент Хаус Монголиа ХХК болон Соёл урлагийн их сургуулийн хамтран бүтээсэн  “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг

IV.  ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ

1.  UBM радио 89.3

2.  Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв. Тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэв.

Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулдаг юм. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр нь хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг зогсооход чиглэсэн юм. Иймд уг шийдвэрийг иргэддээ хилээ хаасан мэтээр ойлгохгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, халдварыг хүн ам дотроо алдах эрсдлийг бууруулах зорилгоор гадаадад гацсан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг УОК-ын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 16 мянга 117 иргэнээ эх оронд нь татан аваад байна.

Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн давтамж, чиглэлийг эрс нэмж, сардаа 14-16 нислэг авч байгаа нь 7 хоног бүр 3-4 нислэг үйлдэж байгаа гэсэн үг юм.

Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед буюу гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах горим мөрдөгдөж байх хугацаанд агаарын хилийг нээж, арилжааны нислэгүүдийг эхлүүлэх тохиолдолд тусгаарлах байрны нөөц, эмчлэх хүчин чадлаас шууд шалтгаалах тул нислэгийн тоо мөн 14-16 байна. Энгийн буюу арилжааны нислэгүүдийг нээх тохиолдолд дараах нөхцөл, хүндрэлүүд үүснэ:

– Зорчигчийн мэдээлэлд тулгуурлан тусгаарлах байрны хуваарь, тооцоог урьдчилан гаргах, онгоц буусны дараа зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх, сэжигтэй иргэдийг тусгаарлаж, зорчигчдын дунд халдвар тарах эрсдлээс сэргийлэх боломжгүй болно,

– Онгоц буусны дараа дээрх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул зорчигчид онгоцонд олон цагаар хүлээх, халдвартай зорчигч байх тохиолдолд халдвар тархах эрсдлийг нэмнэ,

– Тухайн нислэгээр ирэх зорчигчдын мэдээллийг урьдчилан авч, хяналт тавих, гадаадад удаан хугацаагаар гацсан иргэдийг тэргүүн ээлжинд авах боломжгүй буюу тийз авахаар хандсан хамгийн анхны хүмүүс нислэгт хамрагдана,

– Суудлын дүүргэлт буурах, тийзийн үнэ нэмэгдэх магадлалтай.

Жич: Гадаад орнуудаас чартераар ирж буй иргэдийн нэрсийг цахимаар ил болгож, ил тод, хуулийн байгууллагуудын хяналтыг мөн эрчимжүүлж, зөвхөн энэ сард 6-р сарынхаас 2 дахин их буюу 4500 орчим иргэдээ авч ирэх ажил гүйцэтгэх шатандаа явагдаж байна.

ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудын хил гадаад иргэдэд хаалттай байгаа нь дамжин өнгөрөх арилжааны нислэгүүдийг нээхгүй байх нэг үндэслэл болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл

Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших

Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан

Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улс 2020 оны 01 сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилт дайчилж байна.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг хоёр дахин нэмсэн, орлого нь буурсан 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73 мянган хүнд сар бүр 200 мянган төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн зэрэгт одоогийн байдлаар 768 тэрбум төгрөг нэмж зарцуулжээ.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүний алданги, торгуулийг бүрэн чөлөөлсөн. “Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна. Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, төлөвлөөгүй зардал нэмэгдэн, нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авсан. Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбар зэрэг төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна.
Тайлбар:

1.  Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам доллар.

Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.

2.  ОУВС-аас зээл 99 сая ам доллар.

2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

3.  Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар.

2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.

Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.

4.  Дэлхийн банкнаас  26.9 сая доллар.

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.

5.  Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам доллар.

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан.

Эхний 1.0 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.

249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.

6.  АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам доллар.

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Засгийн газар КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.

7.  НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь НҮБ-ын системийн байгууллагын хувьд ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тай Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан. Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллан зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Уулзалтад Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан оролцож байна. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээн үг хэлсэн. Тэрээр сүүлийн гурван жилд зүүн аймгуудын нутагт аюулт үзэгдэл, ослын 808 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 53 хүн амь насаа алдаж, нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсныг онцлон тэмдэглэлээ. Тэр дундаа Дорнод аймагт ой хээрийн түймэр, хил дамнасан хээрийн түймэр сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан байдаг. Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин зүүн аймгуудад голомтлон гарч байсан байна.  Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “2016, 2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч 4148 толгой мал, 2017, 2018 онуудад 28 сум буюу нийт сумын 60.8 хувьд шүлхий өвчин гарч 4227 толгой малыг зориудаар устган Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг зарцуулсан” гэдэг тоон мэдээлэл хэлсэн юм.
Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сар гэхэд Дорнод аймагт хоёр, Сүхбаатар аймагт гурав, Хэнтий аймагт 6 хүн цаг бусаар амь насаа алджээ.
Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “7 дугаар сарын 20-ны өдрийн байлаар зүүн гурван аймагт гол мөрөн, тогтоол усанд 13 иргэн амь насаа алдсан байна” гэдэг тоон мэдээллийг танилцуулахдаа онцолсон.
Харин зуншлагийн тухайд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар улсын хэмжээнд 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Аймгийн Засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт Дорнод аймагт 2019 онд 95.7 хувь, 2020 оны явц 50 хувь, Сүхбаатар аймагт 2019 онд 97.5 хувь, 2020 оны явц 56.2 хувь, Хэнтий аймагт 2019 онд 96.3 хувь, 2020 оны явц 21.8 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэйг Шадар сайд Я.Содбаатар аймгийн Засаг дарга нарт анхаарууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгав

Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт зүүхээ больсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Одоогоор дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоон, 88 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацааг тухай бүр нь сунгаж байна.

Цэцэрлэг, сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр болов

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна

Наймдугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим  иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Тухайлбал:

д/д Хаанаас Чиглэл Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ Хугацаа
1 БНСУ Сөүл 250 2020.08.01
2 АНУ Сиатлл 250 2020.08.05
3 БНЭУ Шинэ Дели/Ханой 170 2020.08.06
4 Япон Токио 250 2020.08.07
5 ХБНГУ Франкфурт 250 2020.08.08
6 БНЧУ Прага 170 2020.08.10
7 БНСУ Сөүл 250 2020.08.14
8 БНСУ Сөүл /транзит/ 250 2020.08.15
9 БНТУ Истанбул 250 2020.08.20
10 ХБНГУ Франкфурт 250 2020.08.21
11 БНСУ Сөүл 250 2020.08.22
12 Япон Токио 250 2020.08.24
13 ХБНГУ Франкфурт 250 2020.08.26
14 Австрали Сидней Австрали, Зүүн Өмнөд Ази 2020.08.27

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан  цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах  зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон.
Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна.  “Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.

Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт  6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4,  Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.

Энэ жилийн хувьд зуншлага  7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас  өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд  борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар      2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя.

Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье.

Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах,  тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосоноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм.

 Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:

– Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийг  зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя.

– Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.

“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд  суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.