“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Mongolia Today” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдлээ.

Засгийн газрын 2020 оны 216, 217 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлэх аргачлал, загварыг танилцуулж байна.

Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Монгол Улс төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг 2016 онд баталж үе шаттай хэрэгжүүлж байна. Сайн засаглал, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай бөгөөд тэгш хүртээмжтэй хүргэх нь төвлөрлийг сааруулах бодлогын үндсэн зорилго юм. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн зүгээс ЗГХЭГ-т дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээллээ.
Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай дурдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Мөн, дээрх өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Засгийн газрын холбогдох гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай ажлын хэсгийг тусгайлан байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав.  Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж,  эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.

Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрт авч, сахилга бат, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг сайн биелүүлж, дотооддоо халдвар алдаагүй цөөн улс орнуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн банкнаас Монгол Улсад Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна.
Үүнд:
– Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.
– “КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллараар хэрэгжүүлж байна.
– “Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам.долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.
– “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.долларын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашид урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах чиглэлд санал солилцсон юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг Казахстан Улсын Элчин сайд онцлон тэмдэглэж, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсэний дунд БНКазакстан Улсад байгаа манай 1,300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжид 200 гаруй иргэнээ татан авчирсан байгаа бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Түүнчлэн манай улсад байгаа Казак иргэдийг нутаг буцаахад манай Засгийн газрын зүгээс ЭСЯ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгаж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж хоёр тал үзлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.