Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бусбайгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.

Ерөнхий сайд  1990-1992 онд Үндсэн хууль хэлэлцсэн протоколуудад тулгуурлаж илтгэлээ танилцуулав. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэснийг илтгэлийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа. Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бид өнгөрснөө бодитой дүгнэж шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгааг хэлэв.

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулганы үндсэн хэлэлцүүлэг дуусаж, салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шүүх шинжилгээний ерөнхий газар байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгууллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрчлөн байгуулсантай холбогдуулан орон тоо, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шилжүүлж, тус газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Дэд сайд нарыг томиллоо
Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,
Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.

Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа.
Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.
Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр 2022 оны долдугаар сарын байдлаар 4165 төрийн улс төрийн албан тушаалтан ажиллаж байна.
Үүнээс Төрийн өндөр албан тушаалтанд хамаарах улс төрийн албан тушаалд 132, бүх шатны Засаг дарга 2220, Засаг даргын орлогч 371, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон  тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан 342, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд 44, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хуульд заасан бусад албан тушаалд 1053 албан хаагч ажиллаж байна.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам
Батлагдсанаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөөц нэмэгдэж, ингэснээр өрсөлдөөн бий болох,   төрийн залгамж чанар хадгалагдах, хуульд заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Товч мэдээ
·      Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
·      Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт найдаж байна. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэдгийг онцолж хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд  Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар

Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймагт төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,
2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлийг харгалзан Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа


Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.

2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн


Ц.Даваасүрэн нь 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 ондЯпон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
 
Ажилласан байдал:
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг


С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга
1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын Нийгмийн бодлого хөгжлийн газрын дарга
2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Томилох үндэслэл:
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.

Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Эрдэмтэн судлаачид, эрхэм зочид төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье

Ардчилсан Үндсэн хуулийн 31 жилийг дүгнэж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх асуудлаар төр, олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа нь цаг үедээ нийцсэн чухал арга хэмжээ болж байна.

Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үр дүнд өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлж, хүний эрх, хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургалч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон үнэт зүйлс Монголд төлөвшсөн.

Гэвч, шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн.

Ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Улсын Их Хурал нь төлөөллийн ардчиллын зарчмаар санал үл гээн, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрэлдэж чадсан тохиолдолд нийгмийн үл ойлголцол, бухимдлыг арилган, зөвшилцөл, эв нэгдлийг бэхжүүлж, хамтын оролцоонд тулгуурласан бодит шийдвэрүүдийг гаргах боломжтой болдог.

Харамсалтай нь, нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, төрд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалдаг нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг болох дундаж давхарга улам нимгэрч, эсрэгээрээ орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.

Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдэж, дунджаас доогуур давхарга нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө гурван хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ. Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ нь бага орлоготой иргэдээс тав дахин өндөр байна.
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс мөн. Парламентын засаглалын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн ТӨЛӨӨЛЛИЙН АРД ТҮМЭН байхад гол зарчим оршино. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламент иргэний төлөөллийн байгууллага гэхээс илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дунджаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд сонгогдох боломжгүй болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд тулгарсан цар тахал, пост пандемик эдийн засгийн хүндрэл, геополитикийн хямралаас үүдэлтэй мөргөлдөөн нь Монголын ардчилалд томоохон сорилт учруулж байна.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд сонгодог парламентын засаглалыг цаг алдалгүй төгөлдөржүүлж, нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтаасан төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна.

Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна.

Бид сонгуулийн тойрогт үндэслэсэн тэгшитгэн хуваарилах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм.  Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад ҮХНӨ чиглэгдэнэ.

2022 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулж, 1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын чуулганы бүрэн протокол 12 ботийг олон нийтийн хүртээл болгосон. Тухайн үед ч өнөөдрийн хүндрэлийг урьдчилан харж Ардын Их Хурлын депутатууд санал хэлж байжээ.
Тухайлбал, протоколоос үзэхэд, депутатуудын зүгээс УИХ-ын гишүүдийн тоо хэт цөөн байх нь нийгмийн бүлгүүдийг төлөөлөхөд хэт бага, мөн эрх мэдэл төвлөрч, иргэний төлөөлөл биш, эрх дархаар хангагдсан дарга анги болно гэж шүүмжилж байв. Мөн парламентын засаглалыг бүрэн төгөлдөржүүлж чадахгүйд хүрч шилжилтийн цаг үед засаглалын хямралд хүргэж болзошгүйг сануулж байсан байдаг. Зарим депутат Үндсэн хуулиар Монгол Улс аймаг, нийслэл гэдэг хоёр засаг захиргааны үндсэн нэгжтэй болсноор хотуудын статусыг цуцалж, дахин хот шинээр байгуулах эрхзүйн боломжийг хаасан нь нийслэл хотод хэт төвлөрлийг үүсгэж, хөгжлийн боломжуудыг хязгаарлана гэдгийг ил тод шүүмжилж байжээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар бүрэн зохицуулагдаагүй эрхзүйн зохицуулалтаас үүссэн өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж,  ирээдүйн хөгжилд нийцсэн шийдлийг гаргах шаардлагатай энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг тал бүрээс нь шүүн тунгааж, нягтлан хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал,  дүгнэлтийг гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
 
Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу толгой ХХК нь нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалсан нь тогтоолоор хүлээсэн валютын орлогыг төвлөрүүлэх үүргийг амжилттай биелүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгдлээ. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж байгаа бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байна.
Цаашид, төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй.
Тухайлбал, тус хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг тусгажээ.
Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаас тусгажээ.

Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.
Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
 
АИ-92 автобензинийн үнийн өсөлтөөс сэргийлнэ
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 автобензинийн үнийг тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлага тулгараад байна.
Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.

Товч мэдээ
·      Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг шинэчлэн баталлаа.
·      Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шинэ гэрээ  хэлэлцээр” хэлэлцүүлэгт  оролцож,  “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 гаруй гишүүн оролцов. Мөн 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоод цахимаар оролцсон юм.

Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстой. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан,  хэрэгжүүлж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ бол хүний хөгжлийг нэгдүгээрт тавьсан бодлого гэдгийг тодотгоод “Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ. Дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ч, Үйлдвэрчний эвлэлийн ч гол зорилго. Хөдөлмөрийг үнэлдэг байх реформ руу шилжихэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Засгийн газар өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлтэй хамтарна” гэдгийг тэмдэглэв. Оролцогчдын зүгээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт боловсон хүчний хомсдол бий болсныг төр анхаарах, иженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж, санал бодлоо хэллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүн, кабинетын гишүүдийн хамт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзаж, нийгмийн шинэ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцаж байгаагүй. Энэ удаагийн уулзалт түүхэн ач холбогдолтой. Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайг илрүүлэх, шударга бус явдалтай хийх тэмцлийг  дэмжиж ажиллана” гэлээ.

Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах, говийн бүсийг усаар хангах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд  салбар дундын  зохицуулалтын талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон  Усны зөвлөлийн ажиллах журам,  2023 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.

Танилцуулгатай холбогдуулан Усны үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ томоохон төслүүдийг эрчимжүүлэхийн тулд төслийн нэгж байгуулан ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгалаа.
“Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ. Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов.
“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг  бүрдүүлнэ
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Олон улсын санхүүгийн төвийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын хөгжлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий төв болгон хөгжүүлэх боломж байна гэж үзэж байна.

Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй.
Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар худалдсан байна.
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги, Замын-Үүд, Бичигт боомтоор энэ сарын эхний хагаст нийт 18,065 тээврийн хэрэгслээр 2.1 сая тн нүүрс экспортолжээ. Энэ сард өмнөх арваннэгдүгээр сарын өдрийн дундажтай харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 15 хувиар, нүүрсний хэмжээ 9.5 хувиар өссөн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ.
Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.

Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ.
Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.
Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.
Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш яг 30 жилийн хугацаа өнгөрлөө. Ардчиллын 30 жилийн заагт дэлхий дахиныг хүндрүүлсэн цар тахал, дайн зэрэг томоохон сорилттой нүүр туллаа.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна.

Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах
Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.
Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.
Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.

Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.
Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно.
Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.
Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
·      Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
·      Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тасдаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй ээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай!

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр,
Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан.
Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.
Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа.
Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болж байна гэв.

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө
Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.
Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.

Товч мэдээ
·       Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа. Улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
·       Монгол Улсын Засгийн газар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·       Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу зохион байгуулж, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулахыг даалгав.
·       УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.