Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа
Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт,хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.

Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.

Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.

Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.
Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэлээ.

“Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.

Товч мэдээ
·      Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц  сангаас гаргахаар боллоо.
·      Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан “Олон улсы автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулж, тус уриан дор Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн байна. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд  CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа юм.

Мөн “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх  нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлов. “Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай” гэв.

Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцов.

Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв. Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгав. Мөн ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлэх тул жуулчдын эрх ашгийг хангах үйлчилгээ үзүүлэх, санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх утсыг ажиллуулах, уг Үндэсний хороог байнгын ажиллагаатай Ажлын албатай болгож, аялал жуулчлалын салбарын мэргэжлийн хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулан ажиллуулах зэрэг асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд жуулчлалын тоо баримтаас харахад аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байна.

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.

Ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж буй юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон ажил хийсний үр дүнд орон нутагт энэ чиглэлд ажлууд эрчимжиж байна. Ажлын хэсэг өргөжиж, Хот, хөдөөгийн сэргэлт үндэсний хороо байгуулагдахаар болсон. Ерөнхий сайд энэ хороог ахална” гэв.

Орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, хотоос хөдөө рүү шилжвэл ийм боломжууд байна зэрэг мэдээллээр хангахуйц гарын авлага  болсныг холбогдох албаны хүн танилцуулж байв. Мөн шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн цахим хуудсыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хөгжүүлж дуусчээ.

Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Өнгөрсөн хугацаанд 176 зээлдэгч ипотекийн гурван хувийн хөтөлбөрт хамрагдсаны олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суурьшигч аж. Харин нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрджээ.

УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний  мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах юм.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCapкомпаниас 787-9 төрлийн хоёр хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаагийн эхнийхийг өнөөдөр хүлээн авлаа. Агаарын хөлөг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныхан оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-дагаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилт тавин  ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр”байгуулснаар хоёр улсын тээвэрлэгчид харилцан нислэг үйлдэхээр болсон. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан энэ үед манай агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдэх юм.

Тус хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ. Ирэх оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлоод энэ хөлөг Улаанбаатар хотоос эхлэлтэй олон улсын нислэгийн чиглэл, давтамжид өргөн боломж олгохоос гадна зорчигч ачаа тээврийн багтаамжийг нэмэгдүүлж, дэлхийн томоохон хотууд руу тив алгасан нисэх техникийн боломжийг олгож байнагэлээ.

“В787-9” нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 09-нд болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улс дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлолыг бататгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэв.

Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэрбээр тэмдэглэлээ.

Түүнчлэн айлчлалын хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал байгуулсан нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Агаарын тээврийн тухайхэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харилцан нотлов.

АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 04-нд дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов. Мөн “”Google компани бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлэв.

“Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан (АНУ, Канад) Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад хэдхэн жилийн дотор гайхалтай үсрэлт үзүүлсэн нь нийгэм, эдийн засгаа сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлсэн улс болох хүсэл эрмэлзлийг харуулж байгааг онцлов.

Уулзалтын үр дүнд мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрийг Монголд оруулж ирэхээр боллоо. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах хамтарсан мэдэгдлийг талууд гаргалаа.

Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газар, “Google” компанийн хамтын ажиллагаа нь инновацын шинэ давалгааг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, бүс нутгийн технологийн орон зайд тэргүүлэгч болгоход томоохон хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн  өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн  өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.