Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг  дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.
“Мега инженеринг Инфрастракчер” компани хоёр, гуравдугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй юм.
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна.  Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг  хорооны гишүүд онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.


Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд  ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ.  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан.

Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл уул уурхайгаас гадна хөдөө аж, ахуй, аялал жуулчлал зэрэг төрөлжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой салбарууд байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилт тавьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон жил тунхгийн чанартай зүйлс ярьж ирсэн. Одоо бодит ажил хэрэг болгох цаг болсон. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээ бүх талаар дэмжин ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын эхэнд хэлсэн үгэндээ онцлов.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалд хамгийн их өртсөн салбаруудын нэг нь аялал жуулчлал. Манай улс ч ялгаагүй цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого орж байсан бол 2020 онд 58,859 жуулчин, 2021 онд 33,100 жуулчин хүлээн авчээ. Харин 2022 оны хоёрдугаар сард хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодит боломжийг харуулж байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад, орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурлаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Монгол Улсыг олон улсад сурталчлах,  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистикийн асуудал, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийн талаар хэлэлцлээ. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн хуанлитай байх, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.

Үндэсний хорооны хуралдаанаас Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр,  дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг тус тус байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо.

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан

-1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:
-1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй

Ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
Улсад 22 жил ажилласан туршлагатай.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд хийгдэх эрх зүйн шинэтгэлийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулж, хэлэлцүүлэг  өрнүүллээ.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд:
–       Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
–       Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай
–       Зөвшөөрлийн тухай
–       Гүйцэтгэх засаглал дахь хяналт шалгалтын тухай зэрэг 4 хуулийн шинэчлэлийн ач холбогдлыг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулж иргэн, аж ахуйн нэгжид ирэх дарамтыг багасгах нь Засгийн газрын гол бодлого гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.
Энэ хүрээнд МХЕГ-ыг татан буулгаж, чиг үүргийг нь салбар яамд руу шилжүүлж байгаа нь яамд бодлогоо боловсруулж, амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж, дүгнэх, улмаар сайжруулах боломж нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар МХЕГ-ын 26 чиглэл бүхий хяналт шалгалтын 13-ыг нь төрийн бусад байгууллага давхардуулан хийж байна. Энэ нь иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулдгийг тус хуулиудын зохицуулалтаар өөрчилнө.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоо, удирдлагаар явж ирсэн нь салбарын шинэ техник технологи, өөчлөлтүүдийг мэдэрч хөгжих боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг бий болгосон. Улмаар хяналт тавьж чадахгүй нөхцөлд хүрч байгаа тул салбар яамд руу шилжүүлж, бодлогоороо дамжуулан орчин үетэйгээ зохицон ажиллах шаардлагыг хангахаар байна” гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6525 стандарт батлагдсан байдаг ба Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор 644 бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох стандартыг заавал мөрдөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэвч хүнсний бүтээгдэхүүнийг авч үзэхэд дотоодын 10 хувь, импортын 5 хувь, үйлчилгээний 70 хувьд стандартын баталгаажуулалтыг хийж байна.
Энэ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад тун бага, шаардлагатай стандартуудыг мөрдөн ажиллаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг стандартчиллыг олон улсын жишигт хүргэх ажлыг хийж эхэлсэн. Тус эрх зүйн шинэтгэл явагдсанаар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, аж ахуй нэгжийн аливаа ажил, үйлчилгээнд нь тавигдах стандарт сайжирна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.


Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд УИХ баталсан. Тус шинэчилсэн найруулгаар ААН-д олгох зөвшөөрлийг дур зоргоор бий болгох, хуульд заагаагүй нөхцөл, шаардлагыг тогтоох, зөвшөөрөл олгох хугацаа, үе шатыг нэмэгдүүлэх зэргээр төрийн байгууллага хууль, тогтоомж, дүрэм, журмаар үе шат, хүнд суртал бий болгодог байдлыг өөрчилнө гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулах тухай хуулийн төсөл багтсан. Уг хуулийн төсөл батлагдснаар олон нийт, аж ахуй нэгжүүдийн хамгийн их шүүмжилдэг төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг арилгаж, үр дүнтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тавьж буй шаардлагуудыг хурдан хугацаанд хүлээн авч, шийдвэрлэх хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ. ЗГХЭГ-ын дарга “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэлийг явуулснаар ААН-д тулгардаг төрийн дарамт, давхардсан хяналт шалгалт буурч, төр хариуцлага үүрдэг, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, данхайсан бүтэцгүй болох ажлыг үе шаттай хийнэ” гэв.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны аравдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх,  иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэр, бүтээн байгуулалтын олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гуравдагч хөрш-ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг тохиролцлоо. Мөн  тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд, Холбооны Эдийн засаг, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс, улс төрийн намуудын төлөөлөл, Германы бизнес эрхлэгчид, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөлтэй албан болон ажил хэргийн уулзалт хийлээ.
Монгол, Германы харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд буюу дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдсэн нь айлчлалын гол үр дүн гэж дүгнэж байна.

Товч мэдээ
·      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Мөнгөнцогийн Ганхүлэгийг томиллоо.
·      Сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гадаад, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч  уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.
Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо дэмжлэг болох болно. Тэр дундаа миний ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” гэлээ. Мөн Засгийн газар  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглээд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Богдхан болон Чойбалсан-Эрээнцав зэрэг төмөр замын төслийн талаар онцлон ярилаа.

Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

2023 оны Улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр,
–       Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан.
–       Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх,
–       Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
–       Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
–       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
–       Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
–       Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгажээ.


2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт шинээр бий болох ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “E-Мongolia” системд байршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан, хэрхэн хөгжүүлэх, улсын хэмжээнд шилжин суурьшилтыг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament”  цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд  цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэв. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.


ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж.  Тиймээс ирэх онд Засгийн газраас  эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ  дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой гэсэн юм.


Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. 2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.