2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.

Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд орсон 3 нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд орсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.

Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгоно.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй салбар Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.

Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Кенжикү” ХХК-ийн удирдлагууд энэ оны 10-р сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэсэн юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Амбулатори ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах нөхцөл нэг шатаар ахина. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын дутуу орхигдсон, хүлээлт үүсгэсэн барилгын ажлуудыг хурдлуулахад Т.Мөнхсайхан сайдын хамт анхаарч ажиллана” гэв.

Эмнэлгийн үйл ажиллагааг нэн даруй  эхлүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг шийдвэрлэх талаар  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа.

Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн нэг нь “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна” гэсэн юм.

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар улс төрийн гурван намын хооронд байгуулах хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлж буй Олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын санал авах ажлыг эхлүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2024.07.29/ Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзаж, “Улаанбаатар хотын усны хүртээмжийн тэгш байдлыг хангах, усны үйлчилгээний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх” талаар тус сангийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналыг хүлээн авлаа.

Уг саналд 2030 он гэхэд хүн бүрийг ундны цэвэр, аюулгүй усаар хангах, усны нөөцийн хомстлоос сэргийлж, хуримтлуулах, хэрэгцээг хангах нөхцөлийг бүрүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр МУ-ын Засгийн Газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах талаар тусгажээ.

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ онд Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр тэмдэглэлт ойн хүрээнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт идэвхтэй явагдаж, эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд бодитоор урагшлан ард иргэд хоорондын найрамдал, ойлголцол улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Мөн Засгийн газрын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжин хөгжүүлэх, улмаар ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн, БНХАУ-ын төр, засгийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, туршлага судлах, тухайлбал, БНХАУ-ын төрийн удирдлага, зохион байгуулалтад орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийг хэрхэн нэвтрүүлж буй, түүний үр дүнгийн талаар туршлага судлах сонирхолтой буйг тэмдэглэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар улам баяжуулж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

 

 

 

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сэбастиен Сирүнтэй 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын нээлтийн арга хэмжээ энэ өдөр Парис хотноо зохион байгуулагдахтай зэрэгцэн Элчин сайдтай уулзаж байгаад баяртай буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа түүхэн үйл амжилтаар баялаг байсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан хийсэн анхны төрийн айлчлал зэрэг дээд, өндөр түвшний олон чухал айлчлал, арга хэмжээг онцлов.

Мөн хоёр орны Төрийн тэргүүн нарын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж ирсэн, түүнчлэн, Монгол, Францын хамтын ажиллагааны 2023-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөд туссан олон ажил биеллээ олж, урагшилж байгааг онцлон тэмдэглэв.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сирүн Батлан хамгаалах, онцгой байдал, уул уурхай, геологи, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцолж, эдгээр ажлуудыг илүү үр дүнтэй болгоход Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.
 
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.


 
ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.

Товч мэдээ  
·      Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай, зохих шаардлагыг ханган боловсруулж, Засгийн газрын хуралдааны журамд заасны дагуу санал авч, ЗГХЭГ-т хянуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж байхыг  Засгийн газрын гишүүдэд даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах асуудлаар талууд санал солилцов.

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүнд УИХ, Засгийн газар шинээр бүрдсэнд Ерөнхий сайдад баяр хүргээд хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойн хүрээнд хөрш хоёр орны хөгжлийг урагшлуулах, харилцан ашигтай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Засгийн газрын бүтэц, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулав.

Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн алдарт уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, гуравт “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан, дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Улсын алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал, тавд Сүхбаатар аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ хурдаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочилж хүрэн соёолонг уясан уяач, унасан хүүхдэд баяр хүргэлээ. Энэ жил Монгол төрийн сонгуульд ард түмэн ялсан, үндэсний их баяр наадам ч ардын наадам болж хурдан морьдын уралдааны нас насны түрүү, айргийг нутаг нутгийн хурдан хүлгүүд авч, даяар олноороо баясан цэнгэж буйг Ерөнхий сайд онцлоод соёолон насны морьдыг хурд хүчний илэрхийлэл хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Улсын маань хөгжил дэвшил ч үүн лугаа байж, “Орхон түшээт” галын морьд ч олон наадмын түрүү айраг авахын ерөөлийг дэвшүүллээ.


Соёолонгийн түрүү хүрэн үрээ өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Улсын тод манлай уяач Даариймаагийн Жаргалын шонхор халтар азарганы төл юм байна. Түрүү соёолонг 12 настай Мөнхзулын Адистай хүү унаж хурдлуулжээ.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.