БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэнд баяр хүргэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо.
Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

Мөн эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыгонцлон тэмдэглэж, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Бээжингийн Өвлийн XXIV олимпын наадмын нээлтэд биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Олимпын наадмыг улс төржүүлэх ёсгүй хэмээн мэдэгдсэнийг Хятадын төр, засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсныг тэмдэглэв.

Юуны өмнө, цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлолоо.

Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд боломжит бүхий л хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг:

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна. Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52 хувь нь 3-р тунд, 78.345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхижүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа.

Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа.

2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна.

Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой. Тиймээс л бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн суурийг тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас цаг алдалгүй эхлүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс дахин хүсье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно. Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ.

Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм. Манай улсын баг тамирчид анх “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпийн наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна

“Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.
Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна

Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.

Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.
Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.

Товч мэдээ
· Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
· “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.
· Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.
· Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.
· Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ.

– Төмөр-Очирын Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР
– Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж, Ихтамир сум Бугат багийн малчин Содномцэрэнгийн Отгонжаргал, Хайрхан сум Могой багийн малчин Баянжаргалын Балдан, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Сандуй;
– Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн малчин Мажекийн Болысхан, Бугат сумын Хатуу багийн малчин Зеймолдагийн Абай, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Шалханы Хуандых;

– Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр багийн малчин Дагвадоржийн Гансүх, Богд сумын Алтай багийн малчин Санги-Очирын Батмөнх, Галуут сумын Сүмбэр багийн малчин Рэнцэндаваагийн Лхагвасүрэн, Өлзийт сумын Бийрийн уулзвар багийн малчин Мигдоржийн Амарсайхан, Эрдэнэцогт сумын Эрхэт тамч багийн малчин Цэдэвсүрэнгийн Батсайхан;
– Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн, Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал, Бүрэгхангай сумын дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн;
– Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Чулуунбаатарын Лхагваа, Тайшир сумын Далан багийн малчин Дэлгэрийн Батболд, Тонхил сумын Алтан соёмбо багийн малчин Бат-Очирын Мянганбаяр, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Тардадын Чулуунбаатар, Цээл сумын Жаргалт багийн малчин Чулуунбатын Гансүх;
– Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Нацагдоржийн Баярсайхан, Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ганболдын Одсүрэн;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дагвачоймболын Шинэзориг, Хонгор сумын Зулзага багийн малчин Нямаагийн Батхуяг, Орхон сумын Энх тал багийн малчин Пунцагийн Түмэндэмбэрэл;
– Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандорж, Алтанширээ сумын Зараа багийн малчин Содовын Дашзэвэг, Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа;
– Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Цогийн Отгонбаатар, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн малчин Балдандоржийн Баярцогт, Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Оюунбалдангийн Ирэнбар, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Цэрэндашийн Жаргалсайхан;
– Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Ишгэний Баттөмөр, Эрдэнэдалай сумын Цагаан овоо багийн малчин Цэгмидийн Мөнхбаяр, Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн малчин Лхагвагийн Рашзэгвэ;
– Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн малчин Отгонрагчаагийн Ганбат, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Риваадын Хишигт, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Пандын Ширбазар;
– Орхон аймгийн Баян-Өндөр сумын Халиун багийн малчин Аюурын Алтанхуяг;
– Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн малчин Чинбатын Авирмэд, Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин Лхагвадоржийн Төрбат, Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Дашлхагва, Баянгол сумын Хаяа багийн малчин Чулуунбатын Баянмөнх, Богд сумын Хөөвөр багийн малчин Цэений Өлзийсайхан, Бүрд сумын Их борогдой багийн малчин Мандахбаярын Ганзориг, Зүүнбаян-Улаан сумын Хад багийн малчин Сумъяагийн Жанцанпунцаг, Сант сумын Царги багийн малчин Намсрайн Наран, Төгрөг сумын Мазар багийн малчин Дангайдаваагийн Пүрэвдорж;
– Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Цогт-Овоо сумын Бор тээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв ;
– Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Дайрийн Буджав, Сүхбаатар сумын Ланз багийн малчин Балжиннямын Хатанбаатар, Дарьганга сумын Өрнө дэрс багийн малчин Халзангийн Сүхбаатар, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мягмарын Чулуунбат;
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Жамаагийн Пүрэв, Жавхлант сумын Бумбат багийн малчин Содномын Зандан;
– Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Үржингийн Даваадорж, Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын Дашдаваа, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Цэрэндоржийн Бат-Очир, Баянцагаан сум Баян айраг багийн малчин Пүрэв-Аюушийн Баньд, Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Жанчивын Ёндон;
– Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Пүрэвийн Чимидцэдэн, Малчин сумын Баянмандал багийн малчин Сурангийн Алтанхүү, Наранбулаг сумын Алдар багийн малчин Батаагийн Гантулга, Өмнөговь сумын Орлого багийн малчин Жумдаагийн Сайнжаргал, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Батбаатар, Сагил сумын Өндөр мод багийн малчин Пунгаагийн Зоригоо, Хяргас сумын Хангай багийн малчин Чимэдийн Гансүх, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Норслойн Гантулга;
– Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Хожгорын Балдан, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Эрдэнэбат, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ, Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба;
– Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ренчингийн Цогтцэмбэл, Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Лунхайн Тэгшбаяр, Улаан-Уул сумын Мунгараг багийн малчин Чойжингийн Бахийт, Цагаан-Уул сумын Агар багийн малчин Банзайн Цэнд-Аюуш, Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр;
– Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Баадын Гантулга, Баян-Адарга сумын Жаргалант багийн малчин Алтансувдын Одгэрэл, Баянмөнх сумын Дулаан багийн малчин Батнасангийн Буяндалай, Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Базарын Алтанзаяа, Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Лувсандаржаагийн Цог, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Сандуйжавын Чинбат, Галшар сумын Баянбадрал багийн малчин Минжүүрийн Лхажав, Дархан сумын Дотуур булаг багийн малчин Гансүхийн Батхишиг, Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Цэрэндоржийн Цэрэнням, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Догсомжавын Батхуяг, Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Чулууны Оюунбаатар, Хэрлэн сумын Ишгэн толгой багийн малчин Жамбалсүрэнгийн Рагчаа, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Нацагдоржийн Баттулга;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Дашдондогийн Отгонбаяр
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР
– Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын Бугат багийн малчин Гончигийн Манарбек;
– Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулч;
– Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулууны Батхүрэл;
– Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Бэхбатын Бэххуяг;
– Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир;
– Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Жигмэдийн Хундаваа;
– Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа;
– Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Түмэндэмбэрэлийн Мэндсайхан
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР
– Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа;
– Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн саальчин Дамбын Болормаа;
– Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам;
– Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг;
– Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР
– Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн фермер Самбуудоржийн Хүрэлхүү;
– Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн фермер Маамын Адъяасүрэн;
– Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн фермер Баасанжавын Буянбат;
– Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн фермер Дамдинсүрэнгийн Алтансүх;
– Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Жигд хүч” ХХК-ийн “Шим агро” ферм;
– Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Чимэднамжилын Жамбалдаш;
– Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Баасанхүүгийн Энхбаяр
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Цэрэндоржийн Дамдинсүрэн;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Бямбадоржийн Даваахүү
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:
– Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
– Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан тооромт” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агрошим” ХХК;
– Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК;
– Төв аймгийн Эрдэнэсант сумын “Хөнөг нуур” ХХК;
– Төв аймгийн Угтаалцайдам сумын “Жаврай үр” ХХК;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
– Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Жи эн эф холдинг” ХХК;
– Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:
– Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн Мешелийн Хуаныш;
– Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуатханы Жандос;
– Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Самдангийн Оюунсүрэн;
– Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн Ивановийн Болдбаатар;
– Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жумдаагийн Cувдаа;
– Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Дашчирэвийн Болортуяа;
– Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лувсандоржийн Баттогтох;
– Ховд аймгийн Ховд сумын иргэн Муханы Хавалбай;
– Ховд аймгийн Мянгад сумын иргэн Азаханы Авдал;
– Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жамсрангийн Болдбаатар;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Санхүүгийн Цэнд-Аюуш;
– Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Аюушийн Донид;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Цогзоогийн Сүнжидмаа;
– Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар;
– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Хангарьд ажнай” ХХК-ийн механикжуулагч Чойжамцын Бямбацогт;
– Төв аймгийн Цээл сумын “Цүнхлээ төв” ХХК-ийн механикжуулагч Энэбишийн Ганбаатар;
– Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг баян” ХХК-ийн механикжуулагч Санжмятавын Энхболд;
– Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” ХХК-ийн механикжуулагч Долгорсүрэнгийн Гомбосүрэн;
– Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК-ийн механикжуулагч Галбадрахын Энхбаяр;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн механикжуулагч Юрагийн Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монголчууд аа,

Хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо,
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож буй уурхайчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа,

Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюу толгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюу толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.

Хэлэлцээр өнөөдрийн түвшинд ирэхэд нэгдмэл бодлогоор тууштай дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Түр хорооны гишүүд, олон жил цөхрөлтгүй тэмцсэн улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч, буулт хийж, хамтын ажиллагааны итгэлцлийгсэргээхийг эрмэлзсэн хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто, Туркойз Хилл компанийн удирдлагуудад мөн талархаж байна.

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.

Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээ төлөөлөн та бүхэнд илэрхийлж байна.
Эрхэм монгол ахан дүүс ээ,

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.

Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.

Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье.

Оюу толгой ордоос Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, өмнийн говийг усжуулах, зэс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон чиглэлээр баяжин амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Гүний уурхай харилцан тохиролцсон хугацаандаа ашиглалтад орж, газрын доорх их бүтээн байгуулалттай биечлэн танилцахаар эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн байна” гэлээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.

Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдаад байсан олон асуудлыг шийдэж чадсан бөгөөд үр дүнд нь 26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат ийн эхэлж байна.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.

Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.

Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.

Монгол Улсын Засгийн газар Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн “Токио-2022” зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм.
  
“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа

“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо.

Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм.

Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1,2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна.

Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна. Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно.

Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хүчингүй болголоо.

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.

Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар 60 чингэлэг татахад ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дуусахаар Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татаж авах ажил үргэлжилнэ.

Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.

Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор ПГУ шинжилгээний сөрөг хариуг хамт шалгаж нэвтрүүлж байна.

Томилгоо

Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.

Товч мэдээ
·      Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.

·      Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.

·      “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.

·      Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.