“Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комисс”-ын 30 жилийн ой 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 1992 оны 3 дугаар сард Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Архивын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагджээ.
Дээрх хэлэлцээрийн хүрээнд 1992 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод хоёр орны архивын байгууллагын төлөөлөгчид анх удаа ажлын уулзалт хийсэн бөгөөд Монголын талаас Л.Мэндсайхан (Улсын архивын Хэрэг эрхлэх газрын дарга), Р.Янжмаа (Гадаад харилцааны төв архивын эрхлэгч), Ж.Оюунбазар (Батлан хамгаалахын төв архивын эрхлэгч), Ч.Хажидсүрэн (Засгийн газрын архивын эрхлэгч), М.Ринчин (Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан), С.Буд (Элчин сайдын яамны зөвлөх) нарын бүрэлдэхүүнтэй оролцож, Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын бүрэн эрх бүхий комиссыг байгуулж, дүрмийг нь баталсан байна.
Энэхүү түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Энх-Амгалан комиссын анхны уулзалтын монголын талын төлөөлөгчид болох Л.Мэндсайхан, Р.Янжмаа, Ж.Оюунбазар нарыг хүлээн авч уулзаж, ахмадуудынхаа дурсамж, сэтгэгдлийг сонсож, түүхэн энэ цаг хугацаанд хэрэгжүүлсэн болон цаашид хийж, хэрэгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Д.Болор-Эрдэнэ, Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, Засгийн газрын архивын эрхлэгч Д.Батжаргал нар оролцлоо.
Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа, өмнө нь хаалттай байсан түүхийн чухал баримтуудыг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, баримт бичгийн эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хоёр орны харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд таниулах зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн.
Тухайлахад, 1992 оноос хойшхи 30 жилийн хугацаанд Оросын Холбооны Улсын төрийн 11 архиваас Монгол Улсын түүхэнд холбогдох 627 хадгаламжийн нэгж (боть баримт), 84 төрлийн 97 гэрэл зураг, 70 нэрийн 191 бүлэг киног хуулбарлан авч, хоёр тал хамтран “Коминтерн ба Монгол”, “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухаан, техникийн харилцаа” 1, 2 боть, “БХК(б)Н-ын түүхэнд Монголын тухай” 1, 2, 3 боть зэрэг нийт 21 баримт бичгийн эмхэтгэлийг хэвлэн гаргаж, Улаанбаатар, Москва, Санкт-Петербург, Эрхүү зэрэг хотод 13 удаа үзэсгэлэн зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын шугамаар монголын 20 гаруй судлаачдыг Оросын Холбооны Улсын архивуудад ажиллуулж, архив, бичиг хэргийн 80 гаруй ажилтныг Оросын Холбооны Улсын ВНИИДАД (Бүх оросын баримт бичиг, архивын хэргийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн) болон төрийн архивуудад мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулсан юм.