Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулах шийдвэрийг ажлын хэсгийн хуралдаан дээр мэдэгдсэн.
Өнөөдөр эмч, эмнэлэгийн ажилтнуудын төлөөлөл 10 төрийн албан хаагч байранд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авлаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, асрагч, вирус судлаач, лабораторийн ажилтан, тасгийн үйлчлэгч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг 10 төрийн албан хаагч үүнд багтаж байна. Та бүхэн өөрсдөө байраа сонгоно. Хэдэн метр квадрат байр сонгох нь та бүхний өрхийн орлогоос хамаарах юм. Үүний дараа ХӨСҮТ-ийн бусад албан хаагч болон бусад цэргийн эмнэлэг, онцгой, хил хамгаалах цагдаа, мэргэжлийн хяналт гээд ийм үе шат, зарчимтайгаар явна. Монголын төр зүтгэсэн хүнээ, сайн ажилласан хүнээ онцгойлон харж үзэх ёстой. Та бүхэнд дахин баяр хүргэе, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “Энэ бол олон санаачилгатай, зүтгэлтэй хүмүүсийн үр дүнд бий болж байгаа ажил. Зах зээл дээр борлуулагдахгүй байгаа байрны тухай олон жил яригдсан. Хэрэгжихгүй удаан явсан. Саад бэрхшээлүүд ч их байсан. Ингээд Ерөнхий сайд чиглэл өгч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга маш богино хугацаанд ажлын хэсгийг ахлаад зохион байгуулалттайгаар, төрийн хар хүний туршлага, зангарагаар бодит ажил хэрэг болгож байгаад та бүхнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын төрд зөв хүн, зөв цагтаа, зөв албан тушаалд ажиллахаар ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаж хүсэн хүлээсэн зүйлийг нь хийж чаддаг юм байна. Цаашдаа та бүхэн шиг олон хүн өөрийн гэсэн орон байртай болох ажил нэгэнт эхэллээ” гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Манай хамт олон 800-аад хүнтэй том хамт олон. Үүн дотор өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, ах дүүгийнхээ хаяа бараадаж эсвэл түрээсээр амьдарч байгаа олон хүн бий. Маш хурдан хугацаанд ярьсан бүхэн ажил хэрэг болж байгаад үнэхээр талархаж байна. Та бүхнийг хамт олон чинь сонгосон юм шүү. Хажууд чинь байгаа хүн та нарын амьдралыг асар сайн мэддэг учраас нэрсийг чинь гаргаж өгсөн. Нүдээ олсон, хүнээ олсон гэж бодож байна. Мөн өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа. 10 хүн батламж гардан авлаа” гэсэн юм.
Уг хөтөлбөрийг 100 тэрбум төгрөгийн санхүүжилтиин хүрээнд 1,300-1,500 орон сууцаар хангаж “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэрэгжүүлнэ.
Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа.
Орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламж гардан авсан иргэд сонголтоо хийн энэ сард байрандаа орох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.