Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой ХК-г олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах, 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангуулах чиглэл өгсөн.
Энэ чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж байна.
Сайд Н.Учрал энэ хүрээнд өнөөдөр (2024.09.19) Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ, Сангийн яам, ТӨБЗГ, Хөрөнгийн бирж, Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нартай хуралдав.
Тэрбээр хуралдааны үеэр “Төрийн өмчийн компаниудын Засаглалыг сайжруулж, олон нийтэд ил тод болгож ард түмний хяналтад оруулах, улс төрөөс ангид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй болгох шаардлагатай. Шаардлагатай бол төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Гадаадын мэргэшсэн компанийг оруулж менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авна. Тэгж чадвал Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж ард түмэн баялагтаа эзэн болно” гэдгийг онцлов.