Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтыг нэмэгдүүлэх талаар тусгаж буй.
Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.08) УИХ-ын 2023 оны 07-р сарын 04-ний өдрийн 1955 оны “Монгол-Хятадын Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, ажлын явцтай танилцлаа.
Төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гацаа, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, гарц гаргалгааг илүү тодорхой болгох шаардлагатай тул ирэх долоо хоногт ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулахаар товлов.