Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан  цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах  зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон.
Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна.  “Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.

Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт  6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4,  Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.

Энэ жилийн хувьд зуншлага  7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас  өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд  борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар      2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя.

Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье.

Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах,  тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосоноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм.

 Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:

– Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийг  зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя.

– Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.

“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд  суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна. УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. Тусгаарлах байрыг нэмэгдүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Мөн ОУ-ын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ.  Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсын иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.  Захиалгат нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.  Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах  аж.  Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой.

Тусгаарлалтад байгаа иргэдээс цахим хуудсаар дамжуулж, албан бусаар гаргаж буй зарим гомдолд Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн дараах тайлбар өглөө.

Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, КОВИД19 вирусын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан  хийгдэж буй ажил гэдгийг онцлов.

Хэдийгээр ард иргэдээс төрөл бүрийн гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаал цуглаан хийж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авалтыг эрдэмтэн судлаачид, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ХӨСҮТ-ийн мэдээлэл, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж зэрэг бүх талын асуудлыг судлан тэнцвэржүүлж хийнэ гэдгээ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Дэлхийн 35 Улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдпөж байгаа КоВид19 цар тахлын тархалтын нөхцөлд дотооддоо халдвар алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад маш өндөр эрсдэлтэй байгаа энэ үед болгоомжтой ажиллах ёстой гэв.

Мөн ОУ-ын санхүүжилт, дэмжлэгээр Чех Улсаас тус улсын онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасныг бүх талаар дэмжиж, дипломат төвшинд шийдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Харин АНУ болон Польш Улсаас онгоц түрээсэлж ирэх асуудлыг иргэд тавьж буй ч Монгол улсын тусгаарлалтын дэглэм зөрчигдөх, хүлээж авах хүчин чадал, иргэдэд ногдох төлбөр хэт өндөр байгаа зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүсч буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 243 тохиолдол, эмчлэгдэн гарсан 204 тохиолдол байна.
Манай улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.
Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа.
Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал.
Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм.

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгасан.

Улсын хэмжээнд бүх эмнэлэг КОВИД-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна.
УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн КОВИД-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа.
Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжинд 880 ортой ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой гэлээ.
УХТЭ гэхэд ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартд нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс КОВИД-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна.
Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцлож байлаа.
Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Тэрээр “Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой” гэлээ.

Шадар сайд бэлэн байдлыг шалгасаны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ. Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны стандартыг ажилдаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчин нөхцөл,  байгууллагын дотоод эмх цэгц, ажил үйлчилгээний ил тод байдал сайжирч, үйлчилгээний чанарт ахиц өөрчлөлт гардаг байна. Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил дараалан тодорсон Өмнөговь аймаг тогтолцооны стандартыг нэвтрүүлж, “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх сууриа тавилаа.

 Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.

Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бөгөөд 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна. Зарим орон цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна. Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна. Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Дашрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Төрийн тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав. Төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд заасны дагуу Төрийн тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийсэн юм. Маргааш буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин,  үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан  хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов.  Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853  иргэнийг татан авсан байна. Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.

Засгийн газрын гишүүд дараа нь Монгол Улсын Их Хурлын танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд тамгаа хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Засгийн газрын гишүүдийн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар
Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд  Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд  ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан,  1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Л.Оюун-Эрдэнэ1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5.  Үндэс угсаа Халх. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд  АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.  2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл

Д.Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын  Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн, 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр

Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,  1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван

Н.Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн.

Ажилласан байдал:
– Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн 1993-1996
– Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе 1996-1999
– ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга 1997-1999
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга 1999-2003
– Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга 2003-2004
– Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга 2006-2008
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх 2008-2011
– ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал 2011-2012
– Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн
– МУ-ын Шадар сайдын зөвлөх 2013-2016
– ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн
– МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 2016-2020

Боловсролын байдал:
1978-1988 ЭТ хотын 3-р 10 жилийн дунд сургууль
1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр
Тэргүүн Шадар Дипломатч цолтой.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатар

Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Үндэс угсаа Дөрвөд. Ам бүл 4. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш,эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар

Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5.  1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгжавын Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх.  Ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн

Л.Цэдэвсүрэн 1967  онд Говь-Алтай аймгийн  Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.  1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,  2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар

Л.Халтар нь1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун

С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн.  43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль, 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой. 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон

Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан

З.Мэндсайхан нь 1979 ондХовд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх

Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн– Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан

Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.  2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө. Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болголоо.  Хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол 07 дугаар сард  нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авлаа.

Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм.

Нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.