Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулав.
2022 оны эхний хагас жилд 261612 иргэнээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргасан байна.
Үүнээс 248756 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 1072 иргэний өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 95.1 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 6424 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдолд санхүүгийн дэмжлэг хүссэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт өндөр үзүүлэлттэй байлаа.
Тайлант хугацаанд 33909 иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах, 6461 иргэн санхүүгийн дэмжлэг, 27453 иргэн хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болох, 22710 иргэн газрын харилцаатай холбоотой асуудлаар, 69 иргэн төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой асуудлаар өргөдөл хүсэлт гаргасан байна.
Цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах, явц байдлыг ил тод нээлттэй болгох, тайлан мэдээг цахимжуулах, Unelgee.gov.mn цахим хуудаст тайлан мэдээг нэгтгэх, өргөдөл шийдвэрлэлтийн шат дамжлагыг багасгах талаар чиглэл өглөө.
Нэг. Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын талаар:
2022 оны эхний хагас жилд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс нийт 108005 өргөдөл, гомдол гаргаснаас 103021 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 95.4%-ийн үзүүлэлттэй байна.
49996 иргэн бичгээр, 27553 иргэн цахимаар, 16788 иргэн утсаар, 11697 иргэн биечлэн ирж уулзаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргажээ.
Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар
2022 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 153607 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 145736 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 94.9%-ийн үзүүлэлттэй байна.
Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 100413 бичгээр, 17507 цахим хэлбэрээр, 27605 нь утсаар, 6784 иргэн биечлэн ирж санал хүсэлтээ илэрхийлжээ.