Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өгөв.
Монгол Улс төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг 2016 онд баталж үе шаттай хэрэгжүүлж байна. Сайн засаглал, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай бөгөөд тэгш хүртээмжтэй хүргэх нь төвлөрлийг сааруулах бодлогын үндсэн зорилго юм. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн зүгээс ЗГХЭГ-т дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.