Хүний эрхийг хангах Үндэсний хорооны зүгээс Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Манай улс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” буюу Зорилт 5.5-д зааснаар иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар 2050 онд хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хүний эрхийн түгээмэл соёл төлөвшсөн байхаар зорьж байгаа билээ. Мөн Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн “1.1.2.6. Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ” хэмээх зорилт хэрхэн биелж байгааг тал бүрээс оролцогчид дүгнэн хэлэлцлээ.

Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан уг симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 110 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж байгаа тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ өөрсдийн мэргэшил, туршлагад тулгуурлан санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж боловсруулсан юм.

Энэхүү симпозиум нь цар тахлын дараах сэргэлтийн мөрөөр 2023 онд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж байгаагаар онцлогтой билээ.

ЮНЕСКО-гийн Ардчилал, дэлхийн иргэншил, өөрчлөлтийн боловсролын салбар (DCMÉT) 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдөр “Энх тайван, Соёл, Нийгмийн шударга ёс” симпозиумыг 50 дэд хуралдаанаар зохион байгууллаа. Симпозиумын 2 дахь өдөр “Хувьсаж буй боловсрол”-ын сэдвийг онцолсон бөгөөд уг сэдвийн хүрээнд “Монгол Улсын  боловсролын салбар дахь өөрчлөлт” дэд хуралдаанд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэн, “Сайн боловсролын төлөө төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Номинчимэг нар оролцлоо. Оролцогчид Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын 4.7 дахь дэд зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хүчин чармайлт, шинээр батлагдсан боловсролын тухай хууль, хүчирхийллийн бус хандлагыг төлөвшүүлэх, энх тайвны боловсрол олгох үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоо, залуучуудад хүний ​​эрхийн боловсролыг олгох, ял шийтгэлийн тогтолцоотой зэрэгцэн нөхөн сэргээх шударга ёс, хүчирхийлэлгүй хандлагыг боломжит хэрэгсэл болгох тухай өөрсдийн санал бодлыг илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зохион байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт” сэдвээр нээлттэй хяналт-шалгалтын тайлан танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комисс анх хийсэн 2005 оны үндэсний хэмжээний нээлттэй хяналт-шалгалтаар эрүү шүүлт манай улсад ноцтой түвшинд хүрсэн асуудал болохыг баримтжуулж, 2006 онд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулж байсан туршлагадаа тулгуурлан, 2023 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үндэсний нээлттэй хяналт-шалгалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, түүний харьяа нэгж, мөн хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, шинжээчдийн оролцоотой зохион байгуулсан юм.

Тэрхүү хяналт-шалгалтын тайлангийн үр дүнг сонсголын үеэр танилцуулахдаа:

  1. Тогтвортой, улс төрөөс ангид, мэргэжлийн нийгмийн ажил бий болгох;
  2. Хангалттай, өсөн нэмэгдэх санхүүжилт бүрдүүлэх;
  3. Олон талын оролцоот, хүүхэд төвтэй, шатлан захирсан бус тогтолцоотой;
  4. Хүүхэд хамгааллын үр дүнтэй, үр өгөөжтэй үйлчилгээ хүргэх;
  5. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан төсөл, хөтөлбөр, санаачилга, түүний хэрэгжилтэд тавих аудитын хяналт чухал болохыг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлэв.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалж, далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан,Иран, Беларусь, Туркменистан зэрэг улсын төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай 2023 оны аравдугаар сарын 26-нд хоёр талын уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай, Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж буйг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцсэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бүхий л түвшинд төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Дээд түвшинд ярьж тохирсны дагуу Монгол Улсаас Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа ойрын хугацаанд нээхээр төлөвлөж буйг дурдаад ЭСЯ нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж буйг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2024 онд зохион байгуулах, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалах хамтарсан аж ахуй байгуулах, Монголоос арьс шир нийлүүлэх боломжийн талаар ярилцав.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, тэр дундаа тээвэр логистикийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тааламжтай үедээ эх орондоо айлчлахыг урилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.
Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрснийг онцлоод, өнгөрсөн хугацаанд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласны дүнд тодорхой ахиц гарсныг сайшаан тэмдэглэв.
Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг тэмдэглэн, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжин бодит үр ашгаа ард түмэнд хүртээж байгааг тэмдэглэн, хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын үр дүнтэй яриа, хэлцэл цөөнгүй удаа болж, Хятад, Монголын хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэн, Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар хоёр тал тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак
Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак
Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө,

Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Хишгээгийн Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилж байна.

Ерөнхий сайдын улс төрийн шийдвэрийг дэмжсэн эрхэм төлөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлж, улс төрийн явцуу хил хязгаарыг давж, Улаанбаатар хотын 30 гаруй жил шийдвэрлэгдэж чадаагүй хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлж, нийслэлийн цогц реформд нэгдэж ажиллахыг хүсье.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод бүх асуудлыг даатган орхисон нь энэ бүх асуудал ужгирах суурь асуудал болсныг үгүйсгэхгүй ээ.

Харин энэ удаа Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Тийм ч учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Шинээр томилогдож буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, түүний удирдлагын багт амжилт хүсэж, дараах үүрэг даалгаврыг өгч байна.

Нэгдүгээрт. Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх.
•“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны реформын цогц төлөвлөлтийг олон улсын байгууллагуудын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан Улсын Их Хурал, Засгийн газраар яаралтай батлуулах, (энэ асуудлууд бүгд хоорондоо цогц байхыг анхаарах)

•Нийслэлийн эрх зүйн орчин, газрын харилцаа, нийтийн тээврийн харилцаа, иргэдийн эрх ба үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө бүрэн шийдвэрлэх,

•Нийслэлийн иргэдийн оролцоо, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргүүдийн удирдлага, Улаанбаатар хотын анхан шатны бүтцийн байгууллагуудтай хамтарч, нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харж, энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах, (энэ дундаа алслагдсан гурван дүүрэг, дагуул хот, гэр хорооллын хороодод онцгойлон анхаарах)

•Агаар, орчны бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг амьдралын чанарын стандартуудыг шинэчлэн хуульчлах.
Эдгээр асуудлыг цэгцлэхэд Улсын Их Хурлын намрын чуулганыг бүхэлд нь зориулахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын удирдлага илэрхийлсэн бөгөөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Таныг дэмжиж ажиллах болно.
Хоёрдугаарт.  Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх

Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үедээ өнгөрсөн хугацаанд бугшсан дээд түвшний авлигын хэргүүдийг илрүүлж, шүүхийн шатанд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.

Ирэх 2024 оны Улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам.доллар давна гэж тооцоолсон.

Эдийн засгийн энэхүү тэлэлт гагцхүү далд эдийн засаг ил болж, авлигын эсрэг тэмцэл үр дүнд хүрч байгаатай шууд холбоотой юм. Үүнд Таны үүрэг оролцоо өндөр байсан.

Харин бид энэхүү эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жил явж ирсэн бугширсан системийг задлахаас өөр гарцгүй юм.

Тийм ч учраас таны туршлага, эр зориг, улс төрийн манлайлал Нийслэлд хэрэгтэй болж байна.

•Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлууд, Сууц Өмчлөгчдийн Холбоо, иргэдийн зүгээс гаргаж тавьсан ч шийдэгдэлгүй сунжирдаг асуудлууд, түүний ард байгаа албан тушаалтнууд, шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүдийн тухай
•Сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.
•Өнгөрсөн хугацаанд гарсан нийтийн тээврийн асуудлууд, тэнд хамаарал бүхий улс төрчид, тэдний нөлөө бүхий этгээдүүдийн оролцоог илрүүлэн гаргаж, нийтийн тээврийн олон улсын жишигт нийцүүлж цэгцлэх, нийтийн тээвэр болон таксины стандартыг шинэчлэн тогтоох зэрэг олон асуудал энэхүү ажиллагааны хүрээнд хамрагдах шаардлагатай.

•Хувийн эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг нь аль ч ардчилсан улс орнуудын алтан зарчим билээ.

•Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний гольдролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй.

•Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртгөө, алдагдсан ногоон байгууламжаа, алдагдсан цэцэрлэг, сургуулиа нэхэмжлэх бүрэн эрхтэй.

•Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя!
Ерөнхий сайдын “Өглөөний уулзалт”-уудын үеэр нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд, авлигажсан тогтолцооны талаар илэн далангуй саналаа хэлж байсан нийслэлийн иргэд, хороодын удирдлагууд, шударга албан хаагчид, архитекторууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд Та бүхэнд талархлаа илэрхийлье. Цаашид ч Та бүхнийг нийслэлийг цэгцлэх ажилд шүгэл үлээж, хамтран ажиллахыг хүсье.

Эрхэм нийслэлийн иргэд Та бүхэн хотын шинэ даргаа бүх талаар дэмжиж, бүтээлч шүүмжлэл өрнүүлж хамтран ажиллахыг уриалья.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Таныг иргэд, олон нийтийн оролцоотойгоор, төр хувийн хэвшлийн түншлэлээр, Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжлэгтэйгээр их хотын ирээдүйн шийдлийг зөв тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг хурдтай, зоригтой шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна.

Танд ажилд нь амжилт хүсье” гэлээ.

Хүний эрхийг хангах үндэсний хороо (ХЭХҮХ) 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталж, тус журмын дагуу ХЭХҮХ-ны Ажлын алба, мөн Ажлын хэсгийн гишүүдийн оролцоотойгоор 6 дугаар сарын 19-23 -ны өдөр аймаг, нийслэлийн төлөөлөл хүний эрхийн төлөв байдлын талаар ирүүлсэн тайлан нэг бүрийг илтгэж, хэлэлцсэн билээ.

Тус хэлэлцүүлгийн мөрөөр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн есөн дүүрэг болон харьяа агентлагийн 50 албан хаагч хамруулан, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийг хангах төрийн үүрэг: Нийгэм эдийн засгийн эрх”, “Иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо – Орон нутгийн хөгжилд холбогдох зөвлөмжүүд” сэдвээр агуулга танилцуулж, нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайлан болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус сургалтыг зохион байгуулснаар хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах асуудлыг бодлого шийдвэртээ тусгах, жил бүр орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх баримт, нотолгоотой шийдвэр гаргах ач холбогдолтой болно.