Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн III хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болов. Энэхүү хуралдаанаар тус Үндэсний зөвлөлийн дэд дарга, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалсан Монгол Улсын төлөөлөл Нээлттэй Засгийн түншлэлийн 8 дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон талаар мэдээлж, Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсгийн дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж ирэх 2024-2027 онд Засгийн газрын зорилт, амлалтыг нэг бүрчлэн танилцууллаа.

Танилцуулгын мөрөөр үндэсний зөвлөлийн гишүүд өөрсдийн туршлага, байр сууриа хуваалцаж, санал нэгтгэж эцэслэн батлав. Уг үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлан албажуулж, оролцогч талуудад хүргэх ба манлайлан хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс улирал тутам төлөвлөгөөний хэрэгжилтийн үйл явцыг мэдээлнэ. Цаашид Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, үр дүнг тооцож, хагас жил тутам тайлагнаж ажиллах үүрэг хүлээх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд,

Эрхэм монголчууд аа,

Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ,

Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж,  бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа.
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан.
Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.
Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.
Иймд байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байсныг нэмэгдүүлэн 3.5 сая иргэн 34 хувийг эзэмшихээр боллоо. Монгол Улсын 3,541,803 орчим иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34хувь буюу 4.08 тэрбум хувьцааг эзэмшүүлснээр төрийн эзэмшил 65.9 орчим хувь болж буурахаар байна” гэж мэдээллээ.
 
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахын тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, тур операторуудтай хамтран өвлийн аяллуудыг шуурхай төлөвлөхөөр тусгажээ. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэжээ.
Мөн иргэд, олон нийтийн өвлийн амралттай уялдуулж дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд амрах, аялах нөхцөл боломжийг бүрдүүлж, өвлийн спортын уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын маршрутыг гаргах бөгөөд авто аяллууд, мөсний шагай, сурын харваа зэрэг үндэсний болон спортын  бусад төрлүүдийн тэмцээн, уралдаан, мөн “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна.

Малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Монгол орны нийт нутгаар арваннэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 8 хүртэл нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Товч мэдээ
-Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрыг ажиллуулах тогтоолыг баталж, чиг үүрэг, төсөв, орон тоо зэргийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс тус газарт шилжүүлэхийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Тэд Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн талаар танилцуулсан юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал дэвшүүлээд байгаль хамгаалах үйл хэрэгт урт удаан хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Та бүхний саналыг  Засгийн газрын хуралдаанд танилцуулъя. Төслөөс гарах үр дүнд үнэлгээ хийх нь чухал. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Итгэлцлийн сангийн асуудалд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ.

элхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 10 жил болж байна.

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг юм.

Монгол Улс  Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2023 онд Нээлттэй засгийн түншлэлийн шагнал гардуулах ёслолд ЦХХХЯ-ны “и-Монгол санаачилга” нь “Цохон дурдахуйц” өргөмжлөл гардан авч олон улсад үнэлэгдэх сайн жишээ болсон.

2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байна. Төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нийөдрийн дотор NCHR@cabinet.gov.mn хаягт цахимаар мөн  51-263698 утсаар холбогдон ирүүлнэ үү.

Төлөвлөгөөний төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Соёлын яам, Монгол үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” ТББ, “Глоб Интернэшнл Төв” ТББ хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулав. Тус олон талын оролцоот, иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн төлөөлөл бүхий нээлттэй хэлэлцүүлгийг Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нээн үг хэлэв. Оролцогчдын зүгээс уран бүтээл туурвих явцдаа болон уран бүтээлийн агуулгадаа хүний эрхийн зарчмыг удирдлага болгон ажиллахад анхаарах зүйлс, тулгардаг бэрхшээл, даван туулах боломж, шийдлийн талаар чөлөөтэй байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Энэхүү форумын үр дүнд хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, уриалга түгээсэн байна. Тус хэлэлцүүлгийн 136 оролцогчийн хэлэлцэн, зохион байгуулагчдын зүгээс эцэслэн боловсруулсан уриалгыг энд дарж үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцсон. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт. Нэгэн зууны түүхэн найрсаг харилцаатай ОХУ-тай манай улс өргөн хүрээний хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлж байна. Хэлэлцэн ярилцах, санал солилцох, шийдвэрлэх асуудлууд байнга гарч байдаг.

Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан.

ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн зэрэг асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан.

ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. ОХУ-ын дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн. Үүнд бид талархаж байна.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн.

 -Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?

-Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм.

Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон.

Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн.

Монгол Улсаас ОХУ-д суралцах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээ болон соёл урлаг, спортын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд оросын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласны дотор ОХУ-ын хил залгаа субъектуудын удирдлага ОХУ-ын БН Буриад, БН Алтай Улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн Амбан захирагч нар ирж оролцсоныг онцлон дурдаж байна.

ОХУ-ын Засгийн газар тус комиссын Оросын хэсгийн даргаар Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг өнгөрсөн арваннэгдүгээр сард томилсон бөгөөд тэрбээр саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байна вэ?

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр талын нийт бараа эргэлтийн бараг 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногдож байдаг. Тиймээс талууд бүс нутаг, хил орчмын харилцаанд онцгой анхаарал хандуулж, хөгжүүлэх бүхий л нөөц, бололцоог эрэлхийлэн ажилладаг.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс нь хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үүрэгтэй механизм бөгөөд ээлжит 15 дугаар хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаан-Үд хотноо амжилттай зохион байгуулсан. Түүнээс гадна Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр талууд байгуулж, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын аймгууд болон ОХУ-ын субъектүүд хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, Хөвсгөл, Дорноговь аймаг Эрхүү мужтай, Өвөрхангай аймаг Эрхүү муж, Красноярскийн хязгаартай, Завхан аймаг Тува Улстай хамтран ажиллах тухай Санамж бичгүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн ОХУ-ын Тува Улс, Өвөрбайгалын хязгаар, Алтайн хязгаар зэрэг субъектүүд манай улсын хил залгаа болон бусад аймагтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах сонирхлоо илэрхийлснийг ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна.

2023 оны байдлаар гуравдугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, долдугаар сард Бүгд Найрамдах Тува Улсын Тэргүүн В.Т.Ховалыг нар манай улсад тус тус айлчилж бүс нутгийн хэмжээнд худалдаа, эдийн засгийн харилцааг тэлж, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн. Энэ хүрээнд ОХУ-ын хил орчмын субъектүүдийг оролцуулан хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах боломжтой юм. Эхний ээлжинд Монгол-Оросын “Алтанбулаг-Хиагт” эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж, цаашдаа “Цагааннуур-Ташанта”, “Боршоо-Хандгайт”, “Эрээнцав-Соловьёвск”эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулах боломжтой гэж үзэж байгаа.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаанд ОХУ-ын Буриад Улс, Алтай Улс, Эрхүү муж,  Өвөрбайгалийн хязгаарын Тэргүүн болон Амбан захирагч нар оролцсон нь хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд оросын талаас өндөр ач холбогдол өгдгийн илэрхийлэл юм.

Хүний эрх болон хөгжлийн Азийн форум (FORUM-ASIA), Хүний эрх, хөгжил төв, Глоб Интернэшл Төв ТББ-тай хамтран хамтран 2023 оны 12 дугаар сарын 11-12 -ны өдөр зохион байгуулж байгаа “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний 5-р зөвлөгөөнд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан оролцов.

Энэхүү зөвлөгөөнөөр Хүний эрх хамгаалагчийн (ХЭХ) эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх, иргэдийн мэдэх эрхийн хэрэгжилт, орон нутгийн ХЭХ-дад тулгамдаж буй асуудлууд, шийдлийг тодорхойлох, хөгжлийн асуудлаар ХЭХ-дад тулгамддаг асуудал, шийдлийн тухай мэдээлэл, санал солилцох, зөвлөгөөний үр дүнд гарсан ХЭХ-дын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулах ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилготой юм.

Ажлын албаны дарга Б.Болорсайхан Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журмын дагуу ХЭХ-дын оролцоо, хувь нэмэр, Нээлттэй засгийн түншлэлийн харилцан адилгүй оролцогч талын түншлэл, бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцав. Зөвлөгөөний үеэр ХЭХ-дын үйл ажиллагааны стратегийг тодорхойлж, сүлжээ өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ иргэний болон улс төрийн эрх, ХЭХ-дын эрхийн зөрчил, хөгжлийн бодлого, хэрэгжилтийн талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцэн шаардлагатай бодлого, зохицуулалтын санал, шийдлийг тодорхойлж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэхээр зорьж байна

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган янданг бууруулахгүйгээр, насжилт өндөртэй авто машины тоог хязгаарлахгүйгээр агаарын бохирдлыг багасгах талаар ярих боломжгүйг, нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж, үерийн усаар зөөгдөж, агаарт дэгдэж буйг шийдэхгүйгээр улс хөгжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, байгаль экологийн хүндрэлүүдийн ихэнх нь нийслэлтэй холбоотой байгаа. Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн.

Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэмдэглээд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дунд хугацаанд зургаан дэд төв шинээр байгуулах замаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах, ногоон санхүүжилт, зээлийн тогтолцоо бүрдүүлэх, богино хугацаанд евро5 ангиллын бензин, дизель түлшний хэрэглээ болон цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хороололд “Яндангүй бүс” тогтоож нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх, төрийн байгууллагуудын усан халаалтын зуухуудад технологийн шинэчлэл хийж, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах зэрэг ажлыг нийслэлийн удирдлагууд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уулзалтад оролцогчид хөрсний доройтол бол ус, агаарын бохирдлын нэгэн адил аюулын харанга дэлдэж байгааг, нүхэн жорлонг орчин үеийн шийдлээр халах боломж байгааг, хөрс, ус, экологийн мэргэжлийн боловсон хүчний асуудалд анхаарах, байгаль орчны салбар бүрд мөрдүүлэх стандарт чухал байгааг, төр, хувийн хэвшлийн олон байгууллага сүүлийн жилүүдэд дор дороо судалгаа, шинжилгээ хийж байгааг нэгтгэсэн сан бий болгох, чанарт нь анхаарах бодит шаардлага үүссэнийг, хөрсний доройтол, усны чанар, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх цаг болсныг Ерөнхий сайдад хэлж байв.

Ерөнхий сайд байгаль, экологийн салбарын төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай болох нь хамгийн чухал байна. Өнгөрсөн 30 жилд агаар, ус, хөрс гэх зэргээр тус тусдаа бодлого гаргаж, хүч тарамдсан. Өнөөдөр ч тус тусдаа бэрхшээл ярьж байна. Одоо тодорхой шалтаг, зовлон тоочих бус бодит шийдэл гаргах шаардлагатай байгааг хэллээ. Мөн байгаль орчин, экологийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг нэгтгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.


Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн юм. Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй гэдгийг форумын үеэр хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн. Тэгвэл 2022 онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнаж, илтгэж эхэлсэн” талаар дурдлаа.

Цаашид Засгийн газраас
1.     Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2.     Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
3.     Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.