Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.

Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.

УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авахаар Төв, Хэнтий аймгийн зарим сумд болон нийслэлийн Багануур дүүргийн зарим малчинтай уулзлаа.
Төв аймагт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвөлжилт өнтэй байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байв. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор хангасан тул малчид өөрсдийн хэмжээнд хивэг, тэжээл бэлтгэжээ.
Нийслэлийн Багануур дүүрэгт энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн байна.

Шадар сайд Төв аймгийн Баяндэлгэр сумын залуу малчин П.Эрдэнэбат, Багануур дүүргийн малчин С.Даваасүрэн, Хэнтий Цэнхэрмандал сумын малчин Д.Машбатын хот айлаар зочилж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан малчдад тулгамддаг гол асуудал хүн хүчний хомсдол байдаг учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгааг хэллээ.

Хэнтий аймгийн тухайд дөрвөн сум зудтай, 12 сум, гурван тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм.
Аймаг дундын отрын бүс нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.

Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийн үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар 25 мянган төгрөг болж буурч байна гэлээ.


Малын арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зун л гэхэд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан гэж малчид хэлж байна.
УОК-оос Төв, Хэнтий аймагт нөхцөл байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүллээ. Тодруулбал,
Хэнтий аймагт Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун болон 175 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох бол Төв аймагт Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Улсын нөөцөөс 100 тонн хивэг, 130 тонн хорголжин тэжээл тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Харин нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус шийдвэрээр 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.

Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.
Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.
Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.
Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Товч мэдээ
-Орон нутгийн зарим нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайдын албан даалгавраар үүрэг болголоо

2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байна. Жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 2024 оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
Засгийн газар 2023 оны сүүлчийн хуралдаанаар “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар оны эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан даалгавраар үүрэг болголоо.

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.
Үүнд;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.
 
Товч мэдээ
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар  Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар  Пүрэвсүрэнгийн Баттөрийг,  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томиллоо.

Эрхэм монгол ахан дүүс ээ,

Элэг нэгт дэлхийн монголчууд аа,

Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёрдахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа.

Энэ бүх өөрчлөлтөд оролцоо, дэмжлэг, мөн шүүмжлэлээрээ хамт байсан ардчилсан Монгол Улсын иргэн Танд баярлалаа.

Энэ жил шинэ оноо ковидгүй тэмдэглэж байгаа шиг, шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байна.

Тогтолцоо өөрчлөгдөж бид шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулах болно.

Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү тогтолцооны өөрчлөлтийг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, парламентын эрхэм гишүүд, улс төрийн намуудын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй.

Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.

Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа.

Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа.

Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.

Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.

Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орох болно. Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрч, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүллээ.

Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.

Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна. Ирэх жил “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа дөрвөн улирлын болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эергээр дэлхий дахинд сурталчлан таниулцгаая.

Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.

Цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, “E-Mongolia” 1.7 сая хэрэглэгчтэй боллоо. Шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг ил тод болголоо.

“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэдэгчлэн боловсролын тогтолцооны эрхзүйн цогц реформыг багш мэргэжлийг дэмжих, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийг, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад илүүтэй чиглүүлэн хуульчиллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халж, Монголын боловсролыг дэлхийн үнэлгээнд анх удаа хамруулсан жил байлаа.

Цагаан нөмрөгтэй баатрууд, онцгой байдлын салбарынхан маань Цар тахлыг дэлхийн дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээж чадлаа.

Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.

Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.

Эрхэм Монгол ахан дүүс ээ,

2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.

2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.

2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.

2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.

Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай.

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр үгийнхээ эхэнд өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.

Түүнчлэн 2023 онд эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, нийт экспортын орлого цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан,  ДНБ 63.3 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам.долларт хүрсэн төдийгүй Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан зэрэг эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тэмдэглээд эдгээр өсөлтийн үр дүнд “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн монголчуудын оюун санааны ертөнцөд болсон томоохон үйл явдал буюу 266 жилийн дараа монгол Богдтой болж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Францис анх удаа Монгол Улсад айлчилсан, тогтолцооны реформ хийснээр жалга довын үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан шинэ 30 жилийг эхлүүлсэн зэрэг нийгмийн томоохон үйл явдлуудыг дурдаад “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор үлдэх он болж өнгөрлөө гэв.

Тэрбээр Монгол Улс 2023 онд олон улсад “Welcome to Mongolia” үндэсний брэндийг тунхаглаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг дэвшүүлэн,  төр, хувийн хэвшил түншлэлийн хамтын ажиллагааны эрхзүйн орчноо тодорхой болгож, маркетингийн зардлуудаа нэгтгэж, олон улсын тавцанд хамтран ажиллах томоохон амбицыг санаачилсан. Харин 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ хэмээв. Энэ нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна хэмээлээ.

MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр  зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн III хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болов. Энэхүү хуралдаанаар тус Үндэсний зөвлөлийн дэд дарга, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалсан Монгол Улсын төлөөлөл Нээлттэй Засгийн түншлэлийн 8 дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон талаар мэдээлж, Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсгийн дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж ирэх 2024-2027 онд Засгийн газрын зорилт, амлалтыг нэг бүрчлэн танилцууллаа.

Танилцуулгын мөрөөр үндэсний зөвлөлийн гишүүд өөрсдийн туршлага, байр сууриа хуваалцаж, санал нэгтгэж эцэслэн батлав. Уг үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлан албажуулж, оролцогч талуудад хүргэх ба манлайлан хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс улирал тутам төлөвлөгөөний хэрэгжилтийн үйл явцыг мэдээлнэ. Цаашид Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, үр дүнг тооцож, хагас жил тутам тайлагнаж ажиллах үүрэг хүлээх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд,

Эрхэм монголчууд аа,

Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ,

Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж,  бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа.
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан.
Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.
Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.
Иймд байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байсныг нэмэгдүүлэн 3.5 сая иргэн 34 хувийг эзэмшихээр боллоо. Монгол Улсын 3,541,803 орчим иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34хувь буюу 4.08 тэрбум хувьцааг эзэмшүүлснээр төрийн эзэмшил 65.9 орчим хувь болж буурахаар байна” гэж мэдээллээ.
 
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахын тулд агаарын тээврийн МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгалж, тур операторуудтай хамтран өвлийн аяллуудыг шуурхай төлөвлөхөөр тусгажээ. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрууд өвлийн улиралд төлбөрөө 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэжээ.
Мөн иргэд, олон нийтийн өвлийн амралттай уялдуулж дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд амрах, аялах нөхцөл боломжийг бүрдүүлж, өвлийн спортын уралдаан, тэмцээнийг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын маршрутыг гаргах бөгөөд авто аяллууд, мөсний шагай, сурын харваа зэрэг үндэсний болон спортын  бусад төрлүүдийн тэмцээн, уралдаан, мөн “Мөнгөлөг шагшуурга”, “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, тэмээн поло, Цааны баяр, Нүүдэлчдийн өвөл-Цагаан сар зэрэг үндэсний эвентүүдийг зохион байгуулахаар аялал жуулчлалын хөтөлбөрт тусгасан байна.

Малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Монгол орны нийт нутгаар арваннэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 8 хүртэл нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Товч мэдээ
-Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрыг ажиллуулах тогтоолыг баталж, чиг үүрэг, төсөв, орон тоо зэргийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс тус газарт шилжүүлэхийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Тэд Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн талаар танилцуулсан юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал дэвшүүлээд байгаль хамгаалах үйл хэрэгт урт удаан хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Та бүхний саналыг  Засгийн газрын хуралдаанд танилцуулъя. Төслөөс гарах үр дүнд үнэлгээ хийх нь чухал. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Итгэлцлийн сангийн асуудалд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.