Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг  дурдлаа.


Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод зарим компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд Хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Сурч боловсрох эрх: Дотуур байр”  сэдвийн хүрээнд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д  үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулав.

Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34,546 хүүхэд амьдарч, сурч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй хот суурин газарт тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр, их дээд сургуулийн дотуур байр гээд байршил, орон зайнаас үл хамааран сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж буй талаарх өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын тайлан, зөвлөмжийг уг зөвлөгөөний үеэр хэлэлцсэн юм.

Дотуур байрны хүүхэд гэх ойлголт нь бидний нүүдлийн соёл иргэншил, эрхэлж байгаа аж ахуйтай салшгүй холбоотой, зайлшгүй байх шаардлагатай боловсролын тогтолцоо бөгөөд уг асуудлыг олон жил бодлогын гадна орхисноос үүдсэн хэд хэдэн ноцтой хэрэг сүүлийн үед гараад байна. Энэ нь хүүхдийн сурч боловсрох, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг бүрэн хангаж чадаж байгаа эсэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.

Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь боловсролын салбарын хариуцах асуудал уу эсвэл хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь ч эргэлзээтэй, тодорхойгүй явж ирлээ. Тиймээс шийдвэр гаргач нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг “салбар дундын асуудал” гэж орхигдуулалгүй, хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм.

Уг зөвлөгөөн нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоог талууд хэлэлцэх, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын тухай багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзсэн билээ.

Монголын хуульчдын холбоо, “ЛГБТ Төв” ТББ хамтран ЛГБТИК+ эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрх зүйн салбарт хүний эрхийн зарчимд суурилсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг төлөвшүүлэх зорилгоор “ЛГБТИК+ үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, доктор Б.Өнөрмаа, өмгөөлөгч Л.Отгондорж нар сургалтын хөтөлбөрийн дагуу сэдэв танилцуулж, агуулга чиглүүлж, хамтран ажиллалаа. Тус сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулахад чиглүүлэгч Б.Болорсайхан, Л.Отгондорж, Б.Өнөрмаа нар зөвлөн тусалсан юм.

Оролцогчдын зүгээс онол, практикын асуудал хөндсөн, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн онцлог, ялгаа, ач холбогдлыг таниулж мэдүүлсэн, чухал хэрэгцээт, цаашид үйлчлүүлэгчидтэй харилцахад мэргэжлийн талаас чиглэл, зарчим харуулсан хэмээн үнэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.
Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай Ерөнхий сайд илэн далангүй ярилцаж, санал солилцов.
Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оноос үнэлгээний шинэ журмаар сурагч, багш, сургууль нэг бүрийг үнэлж эхэлсэн. Ингэхдээ нийт багш нарыг ур чадвараар нь зургаан индекст хувааж 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нар буюу 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч, 5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нар ур чадвараа ахиулах модуль сургалтад хамрагддаг болжээ. Уг үнэлгээнд үндэслээд цэцэрлэгийн багш нарын 42, ЕБС-ийн багш нарын 45 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдсан. 2023 оны дөрөв, тавдугаар сард цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Үнэлгээг чанаржуулах, багш бэлтгэх, нэр хүндийг нь өсгөх, орон нутгийн багш нарын таван жил тутамд авдаг урамшууллыг эргэж харах бодит шаардлага үүссэнийг Ерөнхий сайд салбарын яам, агентлагийн удирдлагуудад анхааруулав.
Багш нарын санал, хүсэлтэд дурдагдсан оюутан-багш бэлтгэх, цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, түрээсийн орон сууцанд багш нарыг хамруулах, боловсрол олгох ялгавартай байдлыг арилгах, залуу багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргийг цогцоор нь тусгасан багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шуурхай боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:

-Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно. Үүний оронд хувь тооцож нэмэх бус мөнгөн дүнгээр нэмүүлбэл зөв санагддаг. Мөн орон нутгийн багш нарт таван жил тутамд нэмэгдэл олгодог. Үүнийг Улаанбаатар  хотод ажиллаж буй багш нар бас олгомоор байна. Тэгэхгүй бол багшлах боловсон хүчний асуудал улам хүндрэлтэй болж байна. Багш нарын ихэнх нь ипотекийн найман хувийн хүүтэй зээлтэй. Энэ зээлийг зургаан хувийн зээл рүү шилжүүлэх боломж байна уу.
Нийслэлийн 20 дугаар сургуулийн бага ангийн багш С.Болормаа:


-Бага ангийн багшийн ажлын ачаалал дунд, ахлах ангитай харьцуулахад маш их. Манай анги гэхэд анх 60 хүүхэдтэй байсан. 60 хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллана гэдэг амаргүй. Эмч нарыг бэлтгэхдээ резидент гэж оюутан байхаас нь ажиллуулдаг. Үүнтэй адил оюутан багш гэдэг байдлаар бага ангийн багш нарыг туслах багштай болгож өгөөч. Дэвтэр засалтын мөнгө хасагдсан. Үүнийг хасах биш нэмэх тал дээр анхаармаар байна.
Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн хөгжмийн багш Г.Оюунжаргал:


-Налайх, Багануур бол нийслэлийн есөн дүүргийн нэг. Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй биднийг хөдөөний багш гэдэг. Гэтэл нийслэлийн нэг дүүрэг учраас бидэнд нэмэгдэл олгодоггүй. Баганууртай 10 гаруй км зайтай байдаг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр гээд сумдын багш нар таван жил тутамд цалингийн нэмэгдэл авдаг. Алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна.

Нийслэлийн 103-р цэцэрлэгийн багш Б.Нямсүрэн:


-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ачаалал, анги дүүргэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй багассан. Цэцэрлэгийн хүртээмж ч манай хороодод нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гурав, 18-р хороонд гэхэд хоёр цэцэрлэг ажиллаж байна. Ачаалал үнэхээр багассан. Хүн ам төвлөрсөн газраа бол хүүхдийн тоо их байдаг. Үүнийг нэг ангид 25 хүүхэд гээд стандарт тогтоомоор байна.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн бага ангийн багш И.Мөнхцэцэг:


-Бага ангийн багш нар хүүхдэд найман төрлийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх гэж хичээдэг. Багш бэлтгэдэг сургуулиудын чанарт онцгой анхаармаар байна. Биднийг багш болж байхад сургуульдаа сурлагын чанараар нэг, хоёроор жагссан хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Бага ангийн багш бол хүүхэдтэй харилцах харьцаа, хүүхэд хайрлах байдал гээд маш олон зүйлийг эзэмшсэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс багш бэлтгэх босго оноог өндөрсгөж, шалгуурыг нь сайжруулахад анхаармаар байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, ЮНЕСКО-гийн Хүний эрх болон дээд боловсролын шинжээчдийн багтай хамтран хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид хамтран ажиллах мэдлэг, туршлагын сан, сүлжээ үүсгэх зорилгоор “Хүний эрхийн боловсролын чиг хандлага” олон нийтийн лекцийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус цуврал лекцийн анхны илтгэгчээр ЮНЕСКО-гийн Хүний эрх болон дээд боловсролын шинжээч, Нидерланд Вант Улсын Утрехт Их сургуулийн Хүний эрхийн төвд Хүний эрхийн боловсрол хариуцсан даргаар ажилладаг Фелиса Тиббиттс оролцов.

Энэхүү арга хэмжээнд их, дээд сургуулийн багш, сургуулийн төлөөлөл, мөн хүний эрхийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, хүний эрхийн боловсролын талаарх орчин үеийн чиг хандлага, ялгаа, онцлог, ач холбогдлын талаар хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав.
Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилсан Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг тэлж, шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч танилцууж, түүхий эдийн манай баялаг нөөц болон Францын хөрөнгө оруулалт, технологи, нөу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт”-аар улс орон бүхэн НҮБ-ын дүрмийг сахиж, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан үнэт зүйлийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцсонд талархал илэрхийлээд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэх саналыг дэвшүүлж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсээд далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүслээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа хийж буй энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс, БНФУ-ын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө буйгаа нотоллоо.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Залуус эрүүл мэнд төв” ТББ, “ЛГБТ Төв ТББ”, “Youth LEAD Mongolia” ТББ хамтран 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд анх удаа “ЛГБТИК+ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТАЛААРХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ” зохион байгуулав. Сургалтын үеэр “ЛГБТ Төв” ТББ-ын Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Доржжанцан “Монгол дахь күийр залуучуудын хувь хүн, амьдралын туршлагыг зурган дүрслэлийн аргаар судлах нь” судалгаа, “ЛГБТ Төвийн 2023 оны ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдал”-ын судалгаа, “Монголын сургуульд транс сурагч байх нь” тохиолдол шинжлэх чанарын судалгаа, Ц.Отгонбаатар, Будапештийн Корвинус Их Сургуулийн докторант “Ичгүүрт иргэд: Монголын күийр олон нийтийн амьдралын туршлага” судалгааны үр дүнг танилцуулсан болно. Судлаач, шинжээчдийн туршлагыг хуваалцах үүднээс хэлэлцүүлэгт Г.Доржжанцан, Г.Нямпүрэв, Ц.Отгонбаатар, Э.Энхмаа нар оролцож, Ц.Цэвээнравдан чиглүүлэн хувийн туршлага, дадлага, мэргэшлээс нь хуваалцлаа. Сургалтын эцэст Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2023-2027 оны хүрээ, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ач холбогдлын талаар цохон тэмдэглэж, тус үйл ажиллагааг цувралаар зохион байгуулах, мэргэшсэн судлаачдыг татан оролцуулах хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв.  Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, 2023 онд  суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.

Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна.
Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.

Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна.
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.


Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн байгууллагуудаас “судалгаа” гэсэн ангилал дор 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв бүхий ажлыг гүйцэтгүүлжээ. Харин тэдгээр судалгаануудыг нэг цэгт төвлөрүүлж, иргэд олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгох, төрийн бодлого төлөвлөлтөд ашиглах орчин нөхцөл бүрдээгүйн улмаас судалгааны давхардлаас үүдсэн үр ашиггүй төсвийн зардал үүсч, хийгдсэн судалгаануудын бодитой үр ашгийг хязгаарлаж байна.

Тиймээс Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Үндэсний судалгааны нэгдсэн цахим платформыг дөрвөн модультайгаар төлөвлөн, эхний модулийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Платформын хөгжүүлэлт, нэвтрүүлэлт нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хэмжээний судалгааны санг бүрдүүлээд зогсохгүй, давхцал шалгах, агуулгын нарийвчилсан хайлт хийх, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын хооронд мэдээлэл солилцох талбарыг бүрдүүлэх, судалгааны санал авах гэсэн төлөвлөгөөт зорилтуудын хүрээнд үргэлжилсээр байх юм.

ТБҮХ, ЗГХЭГ, ЦХХХЯ-наас нийт яам, агентлаг, аймгуудын ЗДТГ-т өгсөн үүргийн дагуу төрийн байгууллагууд энэ оны эхэн хагаст цахим хэлбэрээр байгаа судалгаанууд, 2024 онд багтааж төрийн өмчид буй нийт судалгаануудыг тус платформд нэгтгэж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор тус судалгааны санд 1,000 орчим судалгаа нийтлэгдээд байна.

Уг платформтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ТБҮХ-ны Ажлын албатай холбогдоно уу.

Утас: 26-11-21
И-мэйл: NCSP@cabinet.gov.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын  Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн талаар ярилцаж, санал солилцов.
Ерөнхий сайд УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ид хэлэлцэж байна. Сонгогчийн санал гээгддэг, тойрогт барьцаалагдсан үр ашиггүй хуваарилалт, популист улс төр давамгайлдаг одоогийн тогтолцоог өөрчлөхөөр Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгасныг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг сайжруулах ажлын хэсгийг 2021 онд Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах, авлига үүсгэгч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.


Эрх зүйн зохицуулалтын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын болон бусад системтэй холбох ажил хийгдэж байна.
Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж 5Ш ажиллагааг хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт гэдгийг онцоллоо. Транспэрэнси Интернэшл байгууллагатай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, сайн засаглалын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээ тэрбээр илэрхийллээ.
Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод цаашид хамтарч ажиллахааа илэрхийллээ. Авлигатай, ялангуяа уул уурхайн салбарын авлигатай тэмцэхэд олон улсын түвшний хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.