Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

Олон зууныг дамнасан эртний харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх төрийн айлчлалын үеэр Пап Францистай уулзаж байгаадаа баяртай буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Мөн энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Ерөнхий сайд, “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд  Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа.
1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах;
2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багш бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах;
3.         Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах;
4.         Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
5.         Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
6.         Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төслийн хүрээнд авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж аймаг хоорондыг холбосон, хилийн боомтуудыг холбосон, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбосон нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Одоогоор хэрэгжиж байгаа 10 аймгийн төвийн дулааны станцын төсөл, түүний дагалдах хоёрдугаар хэлхээний төслүүд мөн бусад аймгуудын дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
Аймгууд болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, орон сууцжуулахад шаардлагатай эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэнэ.
Аймаг тус бүрийн хүн амын тоо, томоохон суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.
Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэлээ.

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын салбарын төлөөлөлтэй 2023 оны наймдугаар сарын 28-нд “Өглөөний уулзалт” хийсэн. Энэ уулзалтын дүнгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан,
Авто замын сангийн бие даасан байдлыг хангах, олон улс болон улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Авто замын тухай хуульд үнэлгээ хийж шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, замын чанар, стандартыг шинэчлэх, цаашид бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд арга хэмжээ авахыг  Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ онцолсон. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид рүү чиглэсэн томоохон реформыг энэ удаагийн Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавив. Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэлээ.

Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх  мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ.


Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд тамирчид болон спорт цогцолбор барих хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж болно. Хувийн хэвшил спортын цогцолбор бариад өгвөл Сангийн яам татвараас хэдэн жилийн хугацаатай чөлөөлөх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйлгүй. Та бүхэн салбарын багц хуулиа намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад танилцуул. Ингэхдээ  экспертүүдээс зөвлөгөө авч, Олимпын хороотойгоо нягт хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв.

“Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр:
“Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна.”

“Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал:

“Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.”

“Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун:

“Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар, бие оролцдог болох хэрэгтэй байна.”

“Монгол хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөрбат:

“Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна.  СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна” гэв.

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон, мөн орон сууц хүлээн авч буй улсын комиссын бүрэлдэхүүнд Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс төлөөлөл оруулдаг болох өөрчлөлтийг хийх боломжтойг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байгааг онцлон хэллээ. Тийм барилгыг хүлээн авсан улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа
Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт,хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.

Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.

Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.

Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.
Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэлээ.

“Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.

Товч мэдээ
·      Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц  сангаас гаргахаар боллоо.
·      Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан “Олон улсы автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулж, тус уриан дор Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн байна. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд  CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа юм.

Мөн “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх  нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлов. “Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай” гэв.

Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцов.

Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв. Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгав. Мөн ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлэх тул жуулчдын эрх ашгийг хангах үйлчилгээ үзүүлэх, санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх утсыг ажиллуулах, уг Үндэсний хороог байнгын ажиллагаатай Ажлын албатай болгож, аялал жуулчлалын салбарын мэргэжлийн хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулан ажиллуулах зэрэг асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд жуулчлалын тоо баримтаас харахад аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байна.

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.

Ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж буй юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон ажил хийсний үр дүнд орон нутагт энэ чиглэлд ажлууд эрчимжиж байна. Ажлын хэсэг өргөжиж, Хот, хөдөөгийн сэргэлт үндэсний хороо байгуулагдахаар болсон. Ерөнхий сайд энэ хороог ахална” гэв.

Орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, хотоос хөдөө рүү шилжвэл ийм боломжууд байна зэрэг мэдээллээр хангахуйц гарын авлага  болсныг холбогдох албаны хүн танилцуулж байв. Мөн шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн цахим хуудсыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хөгжүүлж дуусчээ.

Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Өнгөрсөн хугацаанд 176 зээлдэгч ипотекийн гурван хувийн хөтөлбөрт хамрагдсаны олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суурьшигч аж. Харин нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрджээ.

УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний  мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах юм.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCapкомпаниас 787-9 төрлийн хоёр хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаагийн эхнийхийг өнөөдөр хүлээн авлаа. Агаарын хөлөг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныхан оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-дагаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилт тавин  ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр”байгуулснаар хоёр улсын тээвэрлэгчид харилцан нислэг үйлдэхээр болсон. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан энэ үед манай агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдэх юм.

Тус хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ. Ирэх оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлоод энэ хөлөг Улаанбаатар хотоос эхлэлтэй олон улсын нислэгийн чиглэл, давтамжид өргөн боломж олгохоос гадна зорчигч ачаа тээврийн багтаамжийг нэмэгдүүлж, дэлхийн томоохон хотууд руу тив алгасан нисэх техникийн боломжийг олгож байнагэлээ.

“В787-9” нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 09-нд болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улс дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлолыг бататгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэв.

Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.