Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийн 179 орноос 110 дугаар байранд жагсаж буй үзүүлэлт олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр гарсан байна. Энэ нь 1997 онд анх удаа баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, иргэний нийгмийн хөгжлийг дэмжсэн, эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг бүрэн хангах хэрэгцээ үүссэн байгааг харуулж буй учраас эрх зүйн шинэчлэл хийх нь зайлшгүй гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил нь ардчиллын гол тулгуур болдог учраас уг хуулийн төслийг сайтар хэлэлцүүлж, салбарын болон олон нийтийн санаа бодлыг заавал тусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ” гэж заасан байдаг.  Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заажээ.

Тиймээс төр иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд анхаарах бол нөгөө талаас аливаа төрийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх сан, холбоод нь нээлттэй, ил тод, тодорхой байх шаардлагатайг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотголоо.

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаарлах аливаа заалт оруулахгүй байх шаардлагатайг дурдав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс “Ардчилсан засаглалтай улсад олон ургалч байдлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүний илрэл болж жагсаж цуглах нь иргэдийн эрх, ардчиллын хэмжүүр байдаг. Харин иргэний болон нийгмийнхээ дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсдоггүй ардчилсан төр гэж байх ёсгүй юм. Иймээс хуулийн төсөл нь иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байхад чиглэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлэв.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан ирэх жилийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра НҮБ болон түүний салбар байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Ерөнхий сайдад гардууллаа.
Энэхүү баримт бичиг нь манай улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Парисын хэлэлцээр” зэрэг баримт бичгийн хэрэгжилтэд оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон, салбар хоорондын нягт уялдааг хангасан, бодитоор төлөвлөсөн төлөвлөгөө болно гэдэгт илтгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Мөн сэргээгдэх эрчим хүч, усны асуудлуудад тэргүүлэх ач холбогдол өгч байгааг онцлов.

2023, 2024 оныг Монголд зочлох жилээр зарласан, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж буй. Нислэгийн тоог нэмэх, өдөр бүхэн нислэгтэй байх боломжтой. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт талууд санал нэгдлээ.
Орхон, Тамирын хөндийд амралт-судалгаа-аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулаад эдгээр чиглэлээр Турк улстай харилцан ашигтай ажиллахад бэлэн байна гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлээд Турк, Монгол хоёр улс хэл соёлын хувьд ижил төстэй, нийтлэг үнэт зүйл олон бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь юм гэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухлыг тэмдэглэв. УИХ-ын даргын Турк Улсад,  тус улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд товч танилцуулаад  айлчлалаар тохирсон зүйл бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааны хууль анх 2000 онд батлагдаж, 2005 онд шинэчилсэн найруулга хийгдэж, үүнээс хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. УИХ-аас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Алсын хараа – 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт  тавьсан. Тиймээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, ил тод, нээлттэй байдлыг бий болгох нь зайлшгүй байгааг Сангийн яамнаас танилцууллаа.

Тендерт оролцогч аж ахуй нэгжүүдийн зүгээс:

  1. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцлийг тодорхой болгох
  2. Тендер шалгаруулалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, хүний оролцоог багасгах
  3. Нээлттэй тендер шалгаруулалтын үед тендер хүлээн авах хугацааг багасгах зэрэг саналаа илэрхийлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ил тод байдлыг нэмэгдүүлэх, одоогийнхоос олон ханган нийлүүлэгчид өрсөлдөх боломжтой болгох, орчин үеийн шинэлэг, шийдэл, техник, технологийн боломжуудыг нэвтрүүлэх замаар худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү чанартай болгоход анхаарах шаардлага үүсээд байгааг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тайлбарлав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар урт хугацаанд хэрэгжүүлэх зорилготой юм. Хувийн хэвшил өрсөлдөөний зарчмаар шинэ технологитой болж, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлдэг учраас томоохон төсөл хөтөлбөрийг ААН-үүдээр хэрэгжүүлэх нь төсвийн ачаалал буурч, олон нийт чанартай ажил үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлалаа.  Тус хуулийн төсөл нь уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбарт хэрэгжихээр боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр бий. Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар Боомтын сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хувийн хэвшил гүйцэтгэх боломж бүрдэнэ.

Төр хувийн хэвшилтэй түншилж ажилласнаар бизнес хийх таатай нөхцөл бүрдэж, нөгөө талаас иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл стандартад нийцсэн, чанартай үйлчилгээгээр хангагдана гэдгийг хууль боловсруулагчид онцолж байна.

 

Төрийн хэрэгжүүлж байгаа зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулаад байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нарын хамт Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубынхантай уулзаж, уг хуулийн төслийн талаар ярилцлаа.

Төсвөөс хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшил өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэж, чанар, үйлчилгээг дээшлүүлэх, иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх нь тус хуулийн төслийн гол зорилго юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19,6 их наяд төгрөгийн төсөл бий гэсэн тооцоо гарчээ. Хуулийн төслийн хүрээнд уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбаруудад ААН-үүд түншлэлээр ажиллах боломжтой юм. Төр хувийн хэвшилтэй түншлэлийн гэрээ байгуулж, урт хугацаанд хэрэгжих баталгааг болгоно. Бизнесийн орчныг нь төр хамгаалж чадсанаар зөвхөн стандарт шаардлагаа тавьж, засвар үйлчилгээгээ хувийн хэвшил хариуцна гэдгийг хууль санаачлагчдын зүгээс тайлбарлалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс “Төр бизнес эрхлэхээс татгалзаж, ААН-үүдэд орон зай олгож байгаа нь иргэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авах боломжийг уг хуулийн төслөөр нээж өгч байна” гэж онцлов.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжиж эхэлбэл үйлчилгээний салбарт өрсөлдөөн бий болж, төсвийн зардал буурна. Урт хугацаанд хэрэгжих төсөл байх учраас шинэ технологиуд ч нутагших боломжтой гэдгийг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тодотгож байв.

Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахал манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт ч сөргөөр нөлөөлсөн.

Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар Монгол Улс хилээ нээж чадсан нь эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой болоод байна.

Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засаг, хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.
Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг  дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.
“Мега инженеринг Инфрастракчер” компани хоёр, гуравдугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй юм.
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна.  Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг  хорооны гишүүд онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.


Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд  ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ.  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан.

Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл уул уурхайгаас гадна хөдөө аж, ахуй, аялал жуулчлал зэрэг төрөлжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой салбарууд байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилт тавьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон жил тунхгийн чанартай зүйлс ярьж ирсэн. Одоо бодит ажил хэрэг болгох цаг болсон. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээ бүх талаар дэмжин ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын эхэнд хэлсэн үгэндээ онцлов.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалд хамгийн их өртсөн салбаруудын нэг нь аялал жуулчлал. Манай улс ч ялгаагүй цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого орж байсан бол 2020 онд 58,859 жуулчин, 2021 онд 33,100 жуулчин хүлээн авчээ. Харин 2022 оны хоёрдугаар сард хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодит боломжийг харуулж байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад, орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурлаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Монгол Улсыг олон улсад сурталчлах,  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистикийн асуудал, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийн талаар хэлэлцлээ. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн хуанлитай байх, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.

Үндэсний хорооны хуралдаанаас Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр,  дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг тус тус байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.