Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү ‘Хүй мандал’
галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.


Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо (ХЭХҮХ) өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр III хуралдаанаа цахим талбарт хийлээ. Хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж даргалж, тус хорооны II хуралдааны тогтоолын хэрэгжилт, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлангийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 5 жилийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийн санал, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд нээлттэй хяналт-шалгалт хийсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн агуулгын талаар хуралдав. Хуралдааны үеэр гишүүд өөрсдийн мэргэшил, туршлагаар санал дэвшүүлж, тулгамдсан хүний эрхийн асуудлыг онцлон тэмдэглэлээ.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байр: Програм, техник хангамж хариуцсан мэргэжилтэн

Байгууллагын нэр Албан тушаал Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Мэдээллийн технологийн хэлтэс

 

Гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ /0613/

-мэдээллийн систем;

-сүлжээний инженер.

Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

—oOo—

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд ингэснээр ард түмэн болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжирах, цаашлаад хүн бүрт асар их үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаан дээр суурилдаг юм. 

Дугуй ширээний уулзалтад оролцогчдоос “Ардчиллын боловрол төв ДЕМО” ТББ-ын Захирал Г.Ундрал Нээлттэй засгийн түншлэлийн өмнөх төлөвлөгөөний туршлагаа хуваалцан бусад оролцогч талуудын түншлэлийг анхаарах, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа төлөвлөгөөний бүх шатанд ИНБ-ын бүрэн оролцоог хангах, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат эвлэлдэн нэгдэх зэрэг тодорхой сэдэвчилсэн зорилт оруулах, “Глоб Интернэшнл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр MASAM төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг онцолж, санал гаргав. Цаашид Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ИНБ, ТББ-ын төлөөллийг түлхүү оруулах, дараачийн үйл ажиллаагааны төлөвлөгөөнд бодит үр дүн гаргах зорилтуудыг төлөвлөх дээр анхаарч ажиллахаар хэлэлцлээ.

 

Монгол Улс дэлхийн 70 гаруй орон нийлсэн Нээлттэй засгийн түншлэлд нэгдээд 10 жил болж байгаа бөгөөд 2021-2023 оны хооронд 9 зорилтын хүрээнд төлөвлөгөө гарган, олон улсын өмнө амлалт өгсөн билээ. 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг олон нийт, иргэний нийгмийн оролцоотойгоор боловсруулж эхлэх, хамтын ажиллагааг бүх шатанд өрнүүлж ажиллахыг тус хуралдаанаар онцоллоо.

Хуралдааны үеэр Үндэсний зөвлөлийн гишүүн “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал өмнөх туршлага, сургамжийн талаар танилцуулан, дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтыг маш тодорхой бичих, Нээлттэй засгийн түншлэлийн Олон улсын элч Л.Төр-Од зорилтын тооноос илүү чанарт анхаарах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа Нээлттэй засгийн түншлэлийн дэлхийн удирдлагын багтай хамтран ажиллах зэрэг саналыг гишүүд дэвшүүлж, 2021-2023 онд хэрэгжсэн төлөвлөгөөнөөс суралцан дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг олон талын оролцоотой гаргахыг цохон тэмдэглэлээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооноос баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу 21 аймаг, нийслэл 2022 оны хүний эрхийн төлөв байдлын тайлангаа 2023 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд цахимаар танилцууллаа.
Тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга нар илтгэж, орон нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамт оролцлоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангын баталсан Аймаг, нийслэлийн хэмжээн дэх хүний эрхийн төлөв байдлын тайланд үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах ажлын хэсэг журмын дагуу үнэлж, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Ажлын албанаас нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийн хамт 21 хоногийн дотор аймгуудад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “Маргаашийн хот” форумд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймаг, орон нутгийг хөгжүүлэх зорилт тавиад буй.
Дархан, Орхон, Сэлэнгийн бүс нутаг бол газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон үйлдвэрээ түшиглэж аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх боломжтой бүс нутаг гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглээд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”ын Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.
Засгийн газар орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг үр дүнд тулгуурлан 20-100 хувь хүртэл нэмэгдүүлэх,  орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Манай улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. 1990-2019 онд Улаанбаатар хотоос 200 мянга орчим иргэн орон нутагт шилжсэн бол 454 мянган иргэн нийслэлд шилжин иржээ. Иргэдийн хувьд ажил орлоготой болох, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах зорилгоор Улаанбаатар хотод шилжин суурьшсан гэдэг судалгаа бий. Тиймээс орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажилтай орлоготой байхад анхаарч чадвал төвлөрөл буурах боломжтой байгаа гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг тус аймаг бүрэн хийгээд байгааг танилцууллаа. Мөн 8-10 мянган айлын “Залуус” хорооллыг барихаар ажиллаж байна. Орон нутаг дахь орон сууцны ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгосноор Дархан-Уул аймагт ипотекийн зээл олголт хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг тэрбээр онцоллоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллав. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилгууд гарч 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилжээ. Гэрээний хэрэгжилтэд 2022 онд Засгийн газраас гарсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийж, 2014-2021 онд концессын эрх хэрэгжүүлсэн этгээд нь хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил үүсгэсэн гэдэг дүгнэлт гаргасан юм. Ийнхүү тус концессын гэрээг цуцалсан ч “Кью Эс Си” компани учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавын мэдээлснээр концессын гэрээг цуцалж, төр өмчөө хүлээн авах үед -1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол үйлдвэрлэлээ эхлүүлж, экспортоо эхлүүлснээс хойш оны эхний таван сарын байдлаар 15,2 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Концессын гэрээгээр ашиглуулсан тухайн хугацаанд уг үйлдвэрт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бөгөөд үйлдвэрийн борлуулалтын орлогыг компани руугаа шилжүүлдэг, өмч хөрөнгийг барьцаалан зээл авсан зэрэг олон зөрчил байсан талаар мэдээлэв.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт болжээ. Улс орон хулгайгүй, хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх учиртай. Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэж хэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан тухайн концессын гэрээний хугацаанд хоёр ч цогцолбор барих хэмжээний борлуулалт хийсэн ч үйлдвэр барих нь битгий хэл шав ч тавиагүй гэдгийг тодотголоо. Энэ үйлдвэр бол аж үйлдвэрийн цогцолбор болох ёстой манай улсын томоохон төсөл учраас хохирлыг барагдуулах асуудал дээр олон нийт анхаарлаа хандуулахыг хүслээ.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зочин илтгэгчээр оролцлоо. “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” сэдвийн үндсэн илтгэгч УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Жендерийн тэгш байдал хангаагүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо доогуур байх нь эдийн засгийн утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу ашиглах нь алдагдал нэмдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэхэд хүргэдэг үр дагавартай. Манай улсад жендерийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, бодлогын таван баримт бичигтэй ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа” хэмээн онцоллоо. Тус сэдвийн хүрээнд Б.Болорсайхан “УИХ-д нэр дэвшигчдэд тавих хүйсийн квотыг 40-өөс доошгүй хувиар батлах нь зүйтэй гэдэгтэй санал нэг” байгааг илэрхийлэхийн хамт “Жендерийн эрх тэгш байдал бол хүний эдэлвэл зохих эрх” болохыг илтгэж, хүн бүр хандлагаа өөрчлөх ач холбогдлын талаар дахин онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.
Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй ажиллуулж, авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж, төрийн байгууллагын хэмжээнд Хэмнэлтийн хууль хэрэгжүүлсэн зэрэг арга хэмжэний үр дүнд эдийн засаг сэргэж, анх удаа улсын төсвийн орлого давж биелснээр тодотгол хийгээд байна. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно. Орон нутагт орон сууц худалдан авбал ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгуудын нээлттэй хөтөлбөрийг батлаад байна. Бие даан төсвөө бүрдүүлж байгааг аймгийн тоог нэмэгдүүлж, аймаг бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох зорилтыг Засгийн газар Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тавьж байна. Өнөөдрийн байдлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ Ховд” аж үйлдвэрийн парк, Дархан арьс ширний цогцолбор, Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд танилцууллаа.

Уулзалтад оролцсон малчид санал хэллээ. Тухайлбал,
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Б.Бямбажав: Малчид орлогоороо орон сууцтай болъё гэхэд банкны шаардлага өндөр, зээл шийдэгдэхэд удаан байна. Залуу малчдыг дэмжсэн, орон нутагт амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй байна.
Малчин бидэнтэй уулзаж, санал бодол сонсож байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Дандаа болж бүтэхгүй зүйл яриад байж болохгүй. Энэ Засгийн газарт талархууштай олон зүйл байгаа.

Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ.
Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны таван хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна.

Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил: Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө гарч байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал, мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Бэлчээр маш их доройтож байна. Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна.

Баянхонгор сумын 3-р багийн малчин Т.Түмэндэмбэрэл: Малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүнд байна. Мөн хүүхдүүд зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа нь малчин гэр бүлүүдэд чирэгдэлтэй байгаад анхаарна уу. Малын эрүүл мэнд, вакцинжуулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй байна.


Малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр  холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс өөрсдөөс нь авч тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлээд санал асуулгад идэвхтэй оролцохыг зөвлөлөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.