БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Мөн, “Монгол Улсын Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлсний ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй. Үүнд бид баяртай байна” гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина.  Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онгцгой комиссын гишүүд дэмжиж,  тусгаарлах байрны нөөцийн талаарх дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахыг УОК-ын шуурхай штабд даалгав. Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол-Хятад хоёр улс 

эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэн 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотоодоос тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ. Уулзалтад Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу оролцсон. Тэрээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжиллаа. Манай улс газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. Дорнод аймгийн онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөдрийн уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад орход бэлэн болсныг мэдээллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ажилчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивлалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Шинэ коронавирусын халдвар авсан иргэдийг эмчилж байгаа явцын мэдээлэл, Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах, эсэх, Хилийн хорио цээрийн дэглэмийн үеийн зорчигч, ачаа тээврийн  нөхцөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах, эсэх тухай саналыг сонсож,  Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын шуурхай штабаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний  стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Бүх шатны бололвсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай  хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байна. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаад улс орнуудаас дахин авч ирэхээр захиалгат нислэгүүдийг зохион байгуулна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, ХӨСҮТ-ын хүчин чадал, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөл, шинэ коронавирусын тархалт, идэвхижил, намдалтын талаархи тандалт судалгааг эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хийлгэхээр болов.

Дэлхийн улс орнууд хилийн боомтоо хааж, нислэгээ зогсоож, их дээд сургуулийн үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор  гадаад дахь Монгол оюутнууд, иргэд эх орондоо олноороо ирэх хүсэлт гаргасаар байна. ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд тэрдундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос дамжин ирж байгаа иргэд орж ирсээр байна.  Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байгаа учир тусгай арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ХХЕГ-аас мэдээллээ. Иймд өөрийн орны иргэдийг хүлээн авах хилийн боомтуудын тоог цөөлж зорчих урсгалыг зөвхөн Алтанбулаг боомтоор хийх нь зүйтэй гэдэг дээр Улсын Онцгой комиссын гишүүд санал нэгдэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав.  Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” 100 сая, төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК 80 сая төгрөг хандивлав. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин хандив, тусламж үзүүлж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Тэрээр мөн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд урьд өмнөхөөс илүү дэг журам, хариуцлагатай, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.