Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

2019-10-28   Уншсан тоо: 102

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хэдийгээр ололт амжилт арвин ч хүн амын төвлөрлийг дагасан агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг хүндрэл багагүй байгааг тэрээр хэлэв. Эдгээрийг төр, засаг, нийслэл хот, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, ялангуяа нийслэлчүүд хамтран зүтгэж байж  арилгах учиртайг тэмдэглэв.  

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 05 дугаар сарын 15-наас хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг хэллээ. “Гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлого хэрэгжтэл Засгийн газар агаарын бохирдлын эсрэг богино, дунд хугацаанд боломжтой бүх арга хэмжээг авна. Түүхий нүүрснээс татгалзсан шийдвэрээсээ ухрахгүй” гэв.

Цаашид соёл урлагаар дамжуулан ард иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэргийг ирэх оноос барьж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан илтгэлдээ бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар дурдаж, үүнд Монгол Улсын Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлчүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. 

Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд анх удаа усан сан, насос станцуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчилж ойрын өдрүүдэд ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөө буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээх үед “Өргөө” шар бүсийн орд байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын түүх бичигдэж эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш 1778 онд өнөөгийн Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд төвхнөх хүртлээ 30 шахам удаа буурь сэлгэн нүүсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.