Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

2018-11-14   Уншсан тоо: 122

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ.

25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.

БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.

Нэр бүхий хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна

ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөгчийн газрын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түшлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

Инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулав

“Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагнал олголоо.

Энэ шагналыг анх удаа шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн ажил, санаачилгыг дэмжих, бусдад үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон юм.

Товч мэдээ

-  Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

-  Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаан болно. Үүнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэж, эдийн засаг, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ус, усны менежмент, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм.

-  Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор тогтлоо. Хэлэлцээрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Чингис, Булган аймгийн Булган, Дундговь аймгийн Мандалговь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бохир усны цэвэрлэгээний байгууламж барьж, ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөх юм.

-  “Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярт олгохоор болов.

-  “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.