МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулна.

2018-10-30   Уншсан тоо: 94

Төрийн бус байгууллагуудын анхааралд

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэн оролцоно.

 

Хоёр. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.3-т заасны дагуу дараахь этгээдийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

  • төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

Гурав. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкет /төрийн албаны хаагчийн маягт/;
  • Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт;
  • Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн 1 хүний материалыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.

 

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Жанжин Д.Сүхбаатарын талбай 1,

Төрийн ордон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

Утас: 51-265114, erdenechimeg@cabinet.gov.mn