У.ХҮРЭЛСҮХ: Энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын индрээс уриалж байна

2018-09-30   Уншсан тоо: 77

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийн онцлох ишлэл

 

 Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн. 

·  Бид энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн.

·  1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ.  

·  Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.

·  Монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.

·  НҮБ-д цэрэг хандивлагч эхний 30 улсын нэг, хүн амдаа харьцуулсан энхийг сахиулагчдын тоогоороо түүнээс ч илүү эрэмбэтэй Монгол Улс цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна

·  2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.

·  Бид болзошгүй гамшгийн аюулд өртөх эмзэг байдлаа арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажилладаг.

·  Энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг амжилттай зохион байгууллаа

·  Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.

·  Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм.

·  Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.

·  Азийн Буддистуудын энх тайвны бага хурал шиг яриа хэлэлцээний механизмын орон зай үгүйлэгдэж байна.

·  Зүүн Хойд Ази болон Төв Азийг холбож буй улсын хувьд Шашны эрх чөлөөний чуулганыг ирэх онд өөрийн эх орондоо зохион байгуулах санал, санаачилга гаргаж буйгаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.

·  “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Монгол Улс 2030 он гэхэд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

·  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.

·  Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.

·  “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

·  Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

·  Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр, улсын төсвийн хоёрдахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.

·  Монгол Улсын санаачилга, манлайллаар Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийлээ

·  Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна